Английн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван боксчин рингэнд гарч хоёр медаль хүртсэнээр ДАШТ-ээ дуусгаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер А.Баттулга мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр Япон, Испани, Солонгосын тамирчныг ялж финалдсан ч Казахстанд ялагдсан юм. Ингэснээр түүний хувьд Монголын эрэгтэй боксчидын зургаа дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байна.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг Турк, Японы тамирчдыг ялж, Энэтхэгт ялагдсанаар хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд ДАШТ-ий хошой медальтай анхны монгол эмэгтэй боксчин болж байна.
Үүнээс гадна Монголын гурван тамирчин хүрэл медалийн төлөө тулалдсан юм.