УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт Штутгарт хотод болж, Испанийн шигшээ баг Францыг 5:3-аар буулган авснаар финалын эрхээ авлаа. Хоёр багийн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаасангүй, нийт найман гоол орсон өндөр оноотой тулаан болсон юм.
Испанийн шигшээ багаас Нико Уильямс (22’), Микель Мерино (25’), Ламин Ямаль (54’, 67’), Педри (55’) нар гоолдон эсрэг багийн хаалгыг дахин дахин мялаасан бол Францын талаас Килиан Мбаппе (59’, торгуулийн цохилт), Райан Черки (79’), Рандал Коло Муани (90+4’) нар хариу гоол оруулжээ. Мөн 84 дэх минутад Испанийн хамгаалагч Дани Вивиан өөрийн хаалганд бөмбөг оруулсан нь Францын оноог нэмсэн ч эцсийн үр дүнд нөлөөлсөнгүй.
Испани ийнхүү финалд шалгарч, өмнө нь Германыг 2:1-ээр хожсон Португалын багтай зургаадугаар сарын 8-нд Мюнхен хотод тулна. Харин гуравдугаар байрын төлөөх тоглолт Штутгарт хотод болох юм.