Таван удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн, хөлбөмбөгийн домог Криштиану Роналдугийн ууган хүү Криштиану дос Сантуш Португалын 15 хүртэлх насны шигшээ багт анх удаа дуудагджээ. “Аль-Наср” клубт эцгийнхээ хамтаар хөлбөмбөг тоглож буй 14 настай тэрбээр өмнө нь “Манчестер Юнайтед”, “Ювентус” клубын залуучуудын багт мөн харьяалагдаж байв.
Тэрээр ирэх тавдугаар сарын 13-18-нд Хорват улсад болох Влатко Марковичийн нэрэмжит өсвөрийн тэмцээнд Португалын багийн бүрэлдэхүүнд багтан Япон, Грек, Английн багуудтай өрсөлдөхөөр болж байна.
Португалын шигшээ багийн түүхэн амжилт болох “Евро-2016” тэмцээний түрүүг авчирсан Криштиану Роналду өдгөө 40 насандаа ч улсынхаа шигшээ багт тоглож буй бөгөөд таван хүүхдийн аав юм.
Эх сурвалж: AFP