"Ханжоу 2022" Азийн наадмын Байт харвааны ганцаарчилсан төрөлд ОУХМ Баатархуягын Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа.
Тэрээр аваргын алтан медалын төлөө эзэн орны тамирчин Жи Шиан Шоутай аравдугаар сарын 7-ны өдөр 11:30 цагаас харвах юм.
Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Б.Отгонболд ийнхүү хоёр дахь олимпын наадамдаа цэц мэргэнээ сорихоор боллоо.
Дашрамд, Монгол Улс өмнө нь Азийн наадмаас Байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй. Ийнхүү анхны медалийг Баатархуягын Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ.
Дасгалжуулагч, тамирчид, Монголын Байт харвааны холбооны хамт олонд халуун баяр хүргэе!