x

Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь

Энэ зураг үнэн бодит амьдрал биш. Тэгээд ч зургийн дээр өөрийн тайлбараа бичсэн. Нөгөө л улигт сэдэв. Би бууж өгөхгүйгээр буруутныг бултаар нь тодруулна. Би ингэж бичжээ: Энэ ямар хорлонтой зураг вэ? УИХ-ын гишүүд гэж бичсэн нь нэг тиймхэн. Иргэд сайн сайхан явахад өөрсдийнх нь чин хүсэл зориг, мэдлэг боловсрол, овсгоо самбаа шаардлагатай. Өөрөөс нь их шалтгаална. ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ! гэж.

Үндсэн сэдэв. “Нүүрсний хулгай” гэх сэдэв Монголын нийгмийн брэнд болтол дээшээ гарав. Авилгатай тэмцэх жил зарлав. Бас л мундаг сэдэв ба сэдэл. Нийгэмд өнгөтэй өөдтэй яваа бүх хүмүүсээ үзэн ядах, муугаар ёрлох руу явчихгүй байгаасай гэсэндээ 6 жилийн өмнө (2017 он) бичиж байснаа сэргээн дор буулгая. Уйдахгүй сэдэв. Бас миний байр суурь. Үндэсний аюулгүй байдалд учрах нэг сорилго бүү болчихоосой! 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн 2017 oны нэгэн судалгаа байна. 2018 онд нэг их дээрдэнэ гэж бодохгүй байна. Юу гэхлээр Монголын хүн амын дунд тандалтын санал асуулга явуулаад үзтэл 78 хувь нь бухимдалтай явдаг дүн гарчээ. Энэ бол бага биш тоо. Хүн амын дийлэнхи нь. Хэрэв 3 сая хүн амдаа хуваагаад үзвэл лав хоёр саяас элбэг давна. Тэдний 60 хувь нь тайван замаар тэмцэж, төр засагтаа үгээ хэлж бухимдлынхаа шалтгааныг засуулна гэсэн итгэлтэй бол 10 хувь нь маш ноцтой, бүр түгшмээр хариулт өгчээ. Ердөө л галдан шатаана, баячуудын хаусуудыг үнсэн товрого болгоно гэсэн байх юм. Тэр 10 хувийг нөгөө 78 хувьдаа тооцоод үзвэл лав 200 мянгаас давсан хэт даврагчид цагийг анан хорслоо тайлах тэмцэлд босоход бэлэн зэхээстэй явдаг ч юм шиг.

Тээр жил, “2008.07.01” гээч гайт үзэгдлийг тэр дор нь дарж аваагүйсэн бол тэр үймсэн, доргисон, хилэгнэсэн залуус урагшаа “аян”-д гарч, Энх тайвны гүүр даван Зайсан руу чиглэх байсан гэдэгт би огтоос эргэлздэггүй юм. Өмнөхөн нь Киргизэд Бакиевын авилгачин-“ардчилагч” дэглэмийг нурааж түүнийг хөөж явуулахдаа “хяргас” ахан дүүс маань нийслэлдээ төвхнөөд байсан баячууд ба эрх ямбатны хаус, сууц, эдлэн газруудыг хуу тонож, түймэрдэж, үймсэн дүр зураг 2008 оны наадмын өмнө Улаанбаатарт нүүрлээгүй байсан гэж үү хэмээн би боддог юм.

Гэхдээтэр галдан шатаана хэмээн заналхийлсэн “10 хувь” маань хувийн ба гэр бүлийн явцуу атаархлаа шударга ёсны төлөөх тэмцэл гэж ойлгоод, бүр сүсэглээд итгэчихсэн явж байгаад хэргийн учир, далд аюул оршино.

Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч одоо ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн. Шударга ёс тогтоочихлоо гээд л УИХ-ын ээлжит сонгуулиар итгэл өгдөг – 1992, 2000, 2016, ямагт МАН ялж үнэмлэхүй олонхи болж байсан сонгуулиуд. Нийлүүлээд тооцоод үзвэл чилийсэн 12 жил. Бусдад нь АН-ынхан бужигнуулжээ гэж тооцъё. Тэр 12 жилдээ шударга ёсоо тогтоохгүй, төр-засгаа зөв сонгохгүй яасан хэрэг вэ гэсэн асуулт ямагт ээрдэг. АН дангаараа засагласан 4 жил л (1996-2000 он) байна. Бусдад нь экс-коммунистууд ямагт оролцсон хамтарсан засаг тогтож байжээ. 

Ингэхэд хэн тэрхүү 78 хувийг чухам бухимдуулаад, гол буруутнаар нь хэн хэн тодроод байгаа хэрэг вэ? Бидний орой дээр засагласан төр-засаг хэмээн бүдүүн тоймоор хариу хэлэхээ ч байчихжээ. Шууд л МАНАН гэсэн нэг мангасыг заачихдаг. Олигархи гээд тодотгол залгачихдаг. МАНАН нь ард иргэдээ тоносон юм уу, ард иргэд нь тонуулсан юм уу, ямар ч л гэсэн тэр галдан шатаах хонзон өвөрлөсөн “10 хувь”-ийн үздэгээр саарал ордны хавьд л үл үзэгдэх, гарт үл баригдах бүлэг хүн байх шиг. Би бол НАМ хэмээх хүн сүрэг гээд нэрлэчихсэн. Буруутнаар нь улс төрийн намын гаж буруу тогтолцоог (гишүүний тоог олшруулах эрүүл бус уралдаан, гишүүний үнэнчийн шалгуур) нэрлэчихсэн. НАМ хэмээх хүн сүрэг төрийн жинхэнэ албыг замруулдаг, завхруулдаг, нэр хүндийг нь балладаг гээд би заачихсан.

Гэхдээ гол буруутан нь яг НАМ ч бас биш юм аа. Гол буруутан нь хүн хэмээн бодгаль биеийг олж төрөөд, ардчиллын жилүүдэд эрх чөлөөтэйгөө залгасан, асар их боломжин дээр суугаа МОНГОЛ ХҮН Та өөрөө гээд би нэрлэмээр санагдлаа. Та бол 28 жилийн турш асар их боломжин дээр зайдлан сууна. Гэм нь 28 жилийн алтан сайхан тэр цаг үеэ үр дүнгүй өнгөрөөлөө. Одоо ч өнгөрөөж байна. Зах дэлгүүр, лангуу, чингэлэг олныг нээж, хэдэн зуун мянгуулаа зах тойрч амьдрахаас өөрөөр 28 жилд овойж оцойтлоо бүтээсэн юм бидэнд өөр юу байна? 

Хүн чинь адгууснаас юугаараа ялгаатай вэ? Сэтгэдэг боддог, хөгждөгтөө байдаг юм. Адгуустай юугаараа адилхан бэ? Иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг, унтдагтаа байдаг юм. Тэгвэл энэхүү 28 жилд адгууснаас ялгарах чанараа бага хөгжүүлээд, адгуустай ижилсэх чанараа түлхүү эрх чөлөөтэй хөгжүүлсэн, эдэлж хэрэглэснээрээ монголчууд дэлхийд товойж харагдах болох нь.

Хорин найман жилд аль ч улс орон, ард түмэн сэвхийтэл босч өндийгөөд, хөгжөөд, хөгжил нь жигдрээд ирдэг юмсанж. Дэргэдээ байгаа тэрбум хол давсан Хятадыг хар. 1990-ээд оны эхээр нээлттэй, ардчилсан улс болоод Та бид Хятад руу аялалд гарсан. Худалдаа өргөн хийсэн, хийж ч байна. Хятадууд тийм олуулаа яаж өөрчлөгдөв? Ердийн хар ухаанаар бод. Гудамжинд нусаа нийдэг, шүлсээ хаядаг, тамхи татдаг хятад хүнгүй болтлоо соёлжиж гэгээрчихжээ. Гэтэл 28 жилд гуравхан сая монголчууд хэр хөгжив? Харьцуулаад үз.

Та нарыг (нөгөө 78 хувь) бухимдуулсан, Та бүхний аж амьдралыг бусниулсан, Монгол Улсыг доройтуулсан, мөнгө хөрөнгө, байгалийг нь ховх сорсон гадаадын гаднын нэг ч улс, хорлон сүйтгэгч байхгүй. Монголчуудыг албадаж шахаж, дарамжталж ядууруулсан, амьдралыг нь түйвээсэн гадаадын нэг ч дайсан түрэмгийлэгч энэ 28 жилд Монголд халдаж орж ирээгүй байна. 

Чухам бид л, Та бид өөрсдөө өөрсдийгөө, өөрийгөө сүйрүүлэн доройтуулж, түүндээ цухалдан боож үхэх гэж яваа нь тэр юм. Та бидний 28 жилийн турш явуулсан шударга сонгуулийн дүнд бүрдсэн тэр төр-засгууд бол Та бидний бүтээл болохоос Төрийн ордон руу “76 нөхөр” дайрч ороод, эсвэл гадаадын дайснууд тавиул маягаар хүчээр очуулсан, эсвэл дайрч ороод суучихсан нэгээхэн ч тохиолдол азаар гараагүй юм. 

Та бидний сонголт–ухаалаг сонголтын байж байгаа төрх нь тэр. Нэгэнтээ сонгуулиар сонгогдоод гараад ирсэн тэднийг галдан шатаах тухай тэр “10 хувь” бодож явдаг бол тэр чинь төрийн эсрэг гэмт хэрэг болно. Тэр шатаагдах заналхийлэлд өртөж яваа гэмгүй, шударга, улс төр-олигархиас хол өчнөөн төчнөөн иргэн, гэр бүл тэр Зайсанд чинь бас байгаа учраас тэднийг гайтуулах хорон санаа өвөрлөвөл бүр эрүүгийн гэмт хэрэг болно. 

Хамгийн энгийн наад захын логик ийм байна: Таны амьдралыг, гэр орныг чинь очиж түйвээсэн нэг ч капиталист, нэг ч улс төрч, нэг ч гадаадын дайсан байхгүй. Та болон Таны амьдралын төлөө Та хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээнэ гэдэг нь юуны өмнө хэвийн тайван амьдрах нөхцлөө Та өөрөө бүрдүүлнэ. Та өөрөө ажиллана, Та өөрөө мөнгөн хуримтлалтай болно, Та өөрөө өөрийгөө зөв авч явна. Та архидахгүй байх ёстой, Та эрүүл байх ёстой. Товчхондоо бол Та мөнгөтэй байх ёстой. 

Өөрийн буруугаас ядуурсан, архины балгаас амьдралаа үрсэн, залхуу, ажил үл хийгч, ажил гологч, алтан цагаа алдагч, энэ бүхэн чинь нөгөө “10 хувь” гэдгийг бүрдүүлэгч, тэдний өс хонзонгийн үндсэн шалтгаан нь ердөө тэр. Үндсэн шалтгаан нь өөрт нь байна. 

Хувь заяаны эрхшээл гэдэг юм монгол хүнд угаасаа байхгүй болчихсон. Ардчилал бүх хүнийг тэгшитгээд тавьчихсан учраас атаархал, хорсол, бухимдал, тэнэглэл нь хавтгайдаа ил гараад ирсэн, түүнийгээ хаана ч, хэнд ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр илэрхийлэх эрх нь нээлттэй, тэр эрх нь “78 хувь”, түүний “10 хувь” болж илэрч байна. 

Буруутныг тэд зааж нэрлэж чадна, тэгэхдээ хувийн голдуу зовлонгоо тоочно. Төр-засгаасаа боль, одоо тэг ингэ гэдгийг сонсох ч дургүй. Ажил эрхлэх, ардчилал хоёр нь холилдчихсон учраас дураа хүрвэл ажиллана, дургүйгээ хүрвэл хаяна, таслана, тэмцэнэ, босно. Золбирох эрх нь бас тэдэнд бий. Шатгүй уруудах эрх нь бас нээлттэй. 

Тэгэхлээр ийм логик байна: энэхүү “78 хувь”, түүний “10 хувь” өөрсдийгөө өөд нь татах талаар бага ч боловч сэтгээч, өөрийгөө ба үр хүүхдээ хөгжүүлэх талаар бага ч болов ажиллаад үзээч. Үнэхээр хөгжиж болохгүй бол босч тэмцээч, эхлээд өөртэйгөө!

Монголчуудын хамгийн харамсмаар 28 жилийн алдагдал энэ эрчээрээ үргэлжилсээр байх уу? XXI зууны их өрсөлдөөнд сөхөрч унах уу? 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 9 цаг 12 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 9 цаг 16 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 9 цаг 17 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 9 цаг 26 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 9 цаг 44 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 9 цаг 51 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 9 цаг 59 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 6 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 22 цаг 46 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 23 цаг 18 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 23 цаг 46 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top