x

Монголд нойр булчирхайн толгойн хэсгийг тайрах мэс заслыг нээлттэй хийдэг байсныг дурангийн хүрцээр анх удаа амжилттай гүйцэтгэжээ

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр манай улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэжээ.

Хагалгааг гардан хийсэн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван нартай ярилцлаа.

-Манай улсад сүүлийн үед нойр булчирхайн өвчлөл нэлээд газар авч байх шиг. Хүмүүс ихэвчлэн мөнгө төгрөг цуглуулаад гадаадад эмчилгээ хийлгэхийг эрмэлздэг ч өртөг өндөртэй тул тэр бүр чаддаггүй. Нойр булчирхайн энэ төрлийн хагалгааг Монголд хийж эхэлснээр иргэд заавал гадаадыг зорих шаардлагагүй болж байна гэж үзэж болох уу?

Б.Ган-Эрдэнэ: Бас ч яг 100 хувь тийм биш ээ. Нойр булчирхайн хавдар, нойр булчирхайн үрэвсэл гээд өвчин өвчнөөсөө шалтгаалаад өөр өөр юм. Ер нь энэ хагалгааг нээлттэй аргаар улсын хэмжээнд хийдэг байсан.

Харин дурангийн аргаар хийснээр нэг ёсондоо олон улсын түвшинд хүрч байна гэсэн үг. Учир нь хөгжингүй орнуудад нойр булчирхайн дурангийн хагалгааг түлхүү хийдэг болсон. Энэ хагалгаа нь хэвлийн хөндийн хамгийн том хагалгаа. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай ойролцоо. Маш олон эрхтнийг хамарч хагалгаа хийдэг л дээ. Жишээ нь, ходоодны гарах хэсэг, 12 хуруу гэдэс бүхлээрээ, цөсний зам, цөсний хүүдий, ойр орчмын бүх булчирхайнууд, дээрээс нь 12 хуруу гэдсийг аваад нойр булчирхайн толгойн хэсэг тайрч авдаг нэлээд ярвигтай хагалгаа юм.

-Ийм төрлийн хагалгаа хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ?

Б.Ган-Эрдэнэ: Дунджаар 4-8 цаг орчим үргэлжилдэг. Дурангийн аргаар олон тоотой ороод ирвэл хугацаа нь харьцангуй богиносох байх.

-Үүнээс өмнө та хоёр нойр булчирхайтай холбоотой хагалгаанд орж байв уу, эсвэл анхных нь энэ байв уу?

Б.Ган-Эрдэнэ: Ийм хагалгааг шууд хийх боломжгүй л дээ. Ийм төрлийн мэс ажилбарыг нээлттэй аргаар Н.Тайван эмч бид хоёр 2019 оноос хойш хийж байгаа. 2015 оноос Хоёрдугаар төв эмнэлэгт Ж.Чинбүрэн манай зөвлөх эмч байсан.

-Нойр булчирхай нь ямар онцлогтой эрхтэн бэ. Хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?

Б.Ган-Эрдэнэ: Нойр булчирхай бүтцийн хувьд хатуу, дотоод болон гадаад шүүрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нойр булчирхайтай байж л бидний бие хоолыг боловсруулдаг, хоолоо шингээж чаддаг гэсэн үг.

Хоёрдугаарт, нойр булчирхай инсулин гэдэг бодис ялгаруулан сахарын хэмжээг тогтвортой байлгаж байдгаараа онцлогтой эрхтэн юм. Ийм онцлог үүрэгтэй эрхтэн тул сүүлийн үед нойр булчирхайн архаг үрэвсэл дэлхий дахинд маш ихээр нэмэгдэх болжээ. Монголд энэ тал дээр хийгдсэн судалгаа одоогоор харьцангуй бага.

Гэхдээ ер нь дийлэнх эмэгтэй. эрэгтэй хүмүүсийн 40-өөс дээш насныхан нойр булчирхайн архаг үрэвслийн ямар нэг зовуурьтай болж. Энэ нь олон шалтгаантай. Ихэвчлэн архи, хоол ундны зүй бус хэрэглээ, хэт таргалалт зэрэг шалтгаанаас үүддэг.

-Нойр булчирхай өвдлөө гэхэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Б.Ган-Эрдэнэ: Нойр булчирхайн олом төрлийн эмгэг бий. Нойр булчирхайн архаг үрэвслийн үед хэвлийгээр өвдөх, өвдөлт ар нуруу руугаа дамжих, хоолны дуршил буурах, бөөлжих, байнгын өвдөлттэй явах, хоол унд, жаахан эвгүй юм идчихээр л өвдөх, гүйлгэх зэрэг зовууриуд илэрдэг. Нойр булчирхайн хавдрын үед шарлалт, ногооролт ажиглагдана. Биеэр тууралт заримдаа гардаг. Дээр нь хэвлийгээр өвддөг.

Нойр булчирхайн толгойн хэсгийн хавдар нь ийм төрлийн хавдрын 70 орчим хувийг эзэлж байна. Их бие, сүүл хэсгийн хавдар нь үлдсэн 20-30 хувийг эзэлж байна. Нойр булчирхайн хавдрын онцлог нь шинж тэмдэггүй байж байгаад дандаа хожуу шатандаа ихэвчлэн оношлогддог. Энэ нь юугаар илрэх вэ гэхээр ихэвчлэн ногоорч шарласныхаа дараа судас руу хавдар нэвчсэн байх, дээрээс нь цөсний зам, бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байдаг.

Нойр булчирхайн хавдрын өвчлөл нь дэлхий дээр хамгийн насжилт муутай өвчин юм. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хавдар туссан хүн удаан амьдардаггүй. Энэ үзүүлэлтээр бусад хавдартай харьцуулахад нэгдүгээрт жагсаж байдаг.

-Урьдчилан сэргийлэх арга бий юү?

Б.Ган-Эрдэнэ: Гол нь амьдралын хэв маяг болон хоол ундны цэсээ өөрчлөх хэрэгтэй. Мөн идэвхтэй болон дан тамхидалтаас зайлсхийх нь чухал.

-Анзаараад байхад голдуу бичгийн ажилтай зохиолч, судлаач гээд сэхээтэн хүмүүс энэ өвчнөөр өвдөж нас бараад байгаа юм шиг санагддаг. Гэтэл малчин, барилгачид мөн л ялгаагүй хоолны дэглэм барьдаггүй, архи дарс хэрэглэдэг хэрнээ өртөх магадлал бага юм шиг. Мөн хүйсийн ялгаатай ч юм уу, эрэгтэй хүн түлхүү өвчлөөд байгаа мэт сэтгэгдэл торох юм. Ер нь энд хот хөдөөгийн амьдралын хэв маяг, онцлог хамааралтай юм болов уу. Энэ талаар судалгаа бий юү?

Б.Ган-Эрдэнэ: Нойр булчирхайн үрэвслээр эрэгтэйчүүд өвдөөд байгаа гол шалтгаан нь хоол ундны хэрэглээ, амьдралын хэв маягтай нь шууд холбоотой. Юуны өмнө, тамхины хэрэглээ байна Нойр булчирхайн хавдар үүсэхэд тамхины хэрэглээ 30 хувьд нь гол шалтгаан болдог гэсэн судалгаа бий. Мөн архины хэрэглээ байна.

Дээр нь өвчтөнүүдийн 5-10 хувь нь удамшлын шалтгаантай гэсэн тооцоо бий. Түүнчлэн жингийн илүүдэл, чихрийн шижин ч үүнд нөлөөлдөг. Эдгээр нь нойр булчирхайн хавдар үүсэх үндсэн хүчин зүйлс нь болдог юм.

Генийн болон мутацын өөрчлөлтүүд үүнд мөн нөлөөлдөг боловч харьцангуйгаар цөөн тохиолддог. Хавдрын энэ төрөл бусад оронд ч өнөөг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүйг хэлэх хэрэгтэй. Юутай ч одоогийн байдлаар нас, архи. тамхины хэрэглээ. жингийн илүүдэл, буруу хооллолт. чихрийн шижин зэрэг шалтгаануудын улмаас нойр булчирхайн хавдар үүсэх магадлал өндөр гэж үзэж байгаа юм.

-Эргээд хагалгаатай холбоотой яриандаа оръё. Энэ мэс ажилбарын онцлог нь юу байв?

Б.Ган-Эрдэнэ: Дэлхий дахин дурангаар хийх буюу бага хөнөөлт мэс засал (minimal invasive surgery) руу шилжиж байгаа. Саяхныг хүртэл цөсний хүүдийг нээлттэй авдаг байсан. Одоо улсын хэмжээнд ихэнх эмнэлгүүд дурангаар аваад эхэлчихсэн. Гэвч энэ талаарх ард иргэдийн ойлголт бага байдаг. Ийм төрлийн хагалгааг нээлттэй орсон өвчтөн 5-7 хоногийн дараа эмнэлгээс гардаг.

Тэгвэл дурангаар орсон тохиолдолд маргаашдаа гарч байна. Өөрөөр хэлбэл, ор хоног эрс багасаж нэг хоногт багтах болж байгаа юм. Дээрээс нь өвчтөндөө зовуурь шаналгаагүй, хагалгааны дараа өвдөлт бага, шарх сорви бараг үгүй тул гоо сайханд ч тустай.

Үүнийг өөрөөр минималь инвазив буюу хүний амьдралын чанарыг алдагдуулахгүйгээр хийдэг мэс засал гэж ойлгож болох юм. Дотор хийгдэж байгаа мэс ажилбарын хувьд ч дурангийн хагалгаа нь нээлттэй ордогтой ижил хэлбэрээр явагдана. Тухайлбал, цөсний замыг бүгдийг нь авдаг.

Эрхтнээр яривал ходоодны гарах хэсэг, 12 хуруу гэдэс, цөсний зам, цөсний хүүдийг тайрч авна. Нойр булчирхайн толгойг тайрна. Үүний дараа нарийн гэдсийг толгойн хэсэгтэй, нарийн гэдсийг нойр булчирхайтай, нарийн гэдсийг цөсний замтай, нарийн гэдсийг нарийн гэдэстэй залгадаг. Тухайлбал, хамгийн олон залгалт хийдэг, хамгийн олон эрхтнийг авдаг хагалгаа юм.

-Хагалгаа хийхэд ямар хүндрэл байв?

Б.Ган-Эрдэнэ: Хагалгааны үед ямар нэгэн хүндрэл гараагүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь Монголд дурангийн хагалгаагаар хамгийн сайн нь гэж боддог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хагалгааг хийх суурь сайн байсан гэсэн үг.

-Дэлхий дээр ийм төрлийн хагалгааг олон оронд хийдэг үү. Энэ тал дээр тэргүүлдэг орон гэвэл?

Б.Ган-Эрдэнэ: Хөгжингүй бүх оронд л хийж байгаа. Тэргүүлэгч орнууд нь угаасаа Япон, Солонгос, ХБНГУ, Франц.

-Манайх гол төлөв аль орны жишгээр хийж байна?

Б.Ган-Эрдэнэ: Бид ихэвчлэн БНСУ, Тайвань, Япон зэрэг Азийн орнуудад мэргэжил дээшлүүлдэг.

-Энэхүү хагалгааг гадаад оронд хийхэд ямар үнэ өртөгтэй байдаг бол?

Н.Тайван: Солонгост нээлттэй хагалгаа хийхэд 30 сая вон байдаг.

Дурангаар, роботоор хийх нь илүү үнэтэй болоод явчихдаг. Яг манай эмнэлгийн хувьд би өөрөө эмчлэгч эмч байсан тул өвчний түүх дээрээс бүх балансыг хянахад зөвхөн хагалгааны багаж нь гэхэд манай эмнэлэгт есөн сая 700 мянган төгрөгийн өртөгтэй. Эмийн эмчилгээнд нь 12 сая гарсан гэхлээр нийт өртөг 21 сая төгрөгөөр хийгдсэн хагалгаа юм.

Манай эмч нарын цалин хөлс, эмнэлгийн тог цахилгаан, усны мөнгө орохгүйгээр цэвэр эмийн зардал, багажны зардал, ариутгал зэрэг зардал нь ороод 21 сая төгрөг болсон. Гэтэл үүнийг даатгалаас таван сая 900 мянган төгрөгөөр санхүүжүүлдэг. Тэгэхээр ийм төрлийн хагалгааг Монгол Улсад хийхийн тулд даатгалаас дэмжсэн тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна.

Ийм хагалгааг хийх болгонд эмнэлэг өөрөө алдагдал хүлээж байна шүү дээ. Эмч нар ч мөн ялгаагүй. Шинэ хуулиар бол 100 хувь даатгалаас авсан мөнгөөрөө эмнэлэг өөрөө санхүүжээд эмч нартаа цалин хөлс өгөхөд хүрч байна. Үүнээс үүдээд эмч нар өөрийнхөө төдийгүй сувилагч нарынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд байгааг анхаарах хэрэгтэй болов уу. Түүнээс биш манай эмч нарын мэдлэг чадвар хаана ч гологдохгүй.

-Ийм хагалгаанд орох ёстой гэсэн өвчтөний талаарх статистик судалгаа, тоо баримт манайд байна уу?

Б.Ган-Эрдэнэ: Яг нарийн судалгаа байхгүй ч жилдээ өвчлөл нийт хавдруудын тохиолдлын гурав хүрэхгүй хувийг нойр булчирхайн хавдар эзэлдэг. Энэ өөрөө маш богино хугацаанд арга хэмжээ авахгүй бол хүлээгдэл гэдэг юм үүсгэвэл угаасаа тавилан муутай болдог хавдруудын нэг гэсэн үг. Ихэвчлэн дандаа хожуу шатандаа оношлогддог учраас төвөгтэй байдаг.

-Манайд иймэрхүү хагалгааг хийх мэргэшсэн мэргэжилтэн, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт хэр байдаг гэж боддог вэ?

Н.Тайван: Манай улсад энэ тал дээр үндсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар маань Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг юм. Тэнд жилдээ 800 гаруй хагалгаа хийж байна.

Элэг шилжүүлэн суулгах, элэгний хавдар, цөсний хавдар, нойр булчирхайн хавдрыг эмчлэх тал дээр тус төв эмчилгээ үйлчилгээг маш сайн үзүүлж байгаа. Манай эмнэлгийн хувьд тэр эмнэлгийн дараагаар хоёрт ордог. Манайд элэгний, нойр булчирхай гээд бүх төрлийн хавдрын хагалгааг хийдэг.

Дээрээс нь ходоодны дурантай холбоотой, элэг, нойр булчирхайн, элэгний судас боох, түлэх гээд ангиографийн ажиллагаа бүгдээрээ хийгддэг. Зөвхөн элэг, нойр булчирхайн цөсний мэс засал гэхэд жилдээ 200 ордог.

-Хагалгаанд орсон иргэн эргээд дахиж хагалгаанд орох уу, цааш үргэлжлүүлэх эмчилгээ байгаа юү?

Н.Тайван: Хими эмчилгээ бий, үүнийг улсаас дааж байгаа.

-Нойр булчирхайн хавдрын эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрнэ гэсэн баталгаа бий юу?

Н.Тайван: Байхгүй. Таван жил амьдрах магадлал 100 хүн тутмын 10 хэдэд л бий. 90 хүн нь нас барна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, дэлхий дээр нойр булчирхайн хавдар нь нас баралтаар тэргүүлдэг өвчин юм. Таван жилийн дараа 10-12 хувь нь амьд байна. Хагалгаанд орохгүй бол бүр хагас жил амьдарч, зарим хүн бүр cap хүрэхгүй хугацаанд нас бардаг. Хүндэрвэл тэр дороо нас барна. Их хэцүү өвчин шүү.

Ихэвчлэн маш их ядарч сульдсан туниа муутай хүмүүс хагалгаанд ордог тул давтан хагалгааны ая даадаггүй. Нойр булчирхай өөрөө шүүрэл ялгаруулдаг тул бүх эд эрхтнээ түлдэг бөгөөд тэдгээрийг эргээд засах боломжгүй болгочихдог юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 4 цаг 45 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 5 цаг 20 мин Намууд ба хамууд 6 цаг 29 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 6 цаг 41 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 6 цаг 46 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 7 цаг 4 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 7 цаг 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 8 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн 22 цаг 4 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо Өчигдөр 16 цаг 13 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ Өчигдөр 15 цаг 02 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Өчигдөр 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Өчигдөр 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Өчигдөр 09 цаг 41 мин Хэнтий, Дорнод, Архангай аймагт 9,102 га талбай хээрийн түймэрт шатжээ Өчигдөр 09 цаг 33 мин Эм, Эмнэлгийн Хэрэгслийн ХЗГ-ын үйл ажиллагааны талаар сонсож байна Өчигдөр 09 цаг 27 мин Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй Өчигдөр 09 цаг 21 мин Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй Өчигдөр 09 цаг 04 мин Улаанбаатар өдөртөө 13 хэм дулаан Өчигдөр 08 цаг 50 мин Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав Уржигдар 19 цаг 55 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саату... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top