x

“Татварын шинэчлэл” эрсдэл дагуулж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 22-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг эцэслэн батлаад байна.

Татварын хуулийг шинэчлэх ямар шаардлага байв?

Европын холбооны комиссоос 2017 онд гаргасан “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт”-д манай улсыг багтаасан нь дэлхий нийтэд манай улсын нэр хүнд унаад зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөхүйц хүнд байдалд оруулсан билээ. 2017 оны 12 сарын 26-ны өдрийн Засгийн газрын 350 дугаар тогтоолын дагуу манай улс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор мэдээлэл солилцох ил тод байдлын” олон улсын форумд нэгдэн орсон. Ингэснээр тус байгууллагаас тавьдаг шаардлагуудыг татварын хууль тогтоомждоо тусгах хэрэгтэй болсон. Нөгөө талаас 2008 оны тавдугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуульд цаг хугацааны явцад бий болсон зарим нэгэн өөрчлөлтүүдийг оруулах зайлшгүй шаардлага байсан юм.

2012-2016 онуудад Засгийн эрх барьж байсан Ардчилсан намын Засгийн газар шинээр батлагдсан тус хуульд орсон гол гол өөрчлөлтүүдийг хийсэн боловч УИХ-д өргөн барьж амжилгүй дараагийн парламент шинээр бүрдсэн. Ийнхүү өнөөгийн Засгийн газар Монгол улсын 3 сая илүү иргэдийн амьдрал, 190 мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай шууд холбоотой Татварын багц хуулийг засаж сайжруулахын оронд улам дордуулсан заалтууд нэмж “хам, хум” өргөн бариад, УИХ-аар яаран батлуулсныг “Бушуу туулай Борвиндоо баастай” гэгчийн үлгэртэй адилтгахаас өөр аргагүй юм.

Яаруу давчуу хэлэлцсэн хуульд, дутуу дулим зүйл их байна!

Өргөн барьсан хууль нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын хэд хэдэн хуулийн заалтуудтай зөрчилдөж орж ирсэн юм. Ардчилсан намын бүлэг өргөн барьсан хуулийн төслийг судлаад дараах алдаануудыг залруулж чадсан байдаг. Тухайлбал, Өргөн барьсан Татварын ерөнхий хуулийн 44.4, 54.2, 56, 57, 58.1, 59, 70.1 зэрэг заалтууд Үндсэн хуулийн 16.3 дахь заалт болох “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, мөн хуулийн 16.4 дэх заалт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн. Мөн өргөн барьсан төслийн 66.3 дугаар заалт Үндсэн хуулийн 16.4 дэх “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэх заалттай зөрчилдөж байв. Түүгээр үл барам, Монгол улсын шүүх эрх мэдэлд халдсан, шүүхийн хуулиудтай зөрчилдөөд зогсохгүй татвар төлөгчийн эрхзүйн байдлыг дордуулсан заалтууд орсон байсныг хэлэлцүүлгийн өмнө ажлын хэсэгтэй уулзаж анхааруулах, хэлэлцүүлгийн явцад засаж залруулах, чуулганы хуралдаанаас завсарлага авах зэргээр Ардчилсан намын бүлэгт байж болох бүх боломж бололцоогоо ашигласан юм. Хэдийгээр тус бүлгээс УИХ-ын 2 гишүүн гарч “зөвлөл” хэлбэрт орж ажиллах асуудал яригдаж байгаа ч Ардчилсан нам “бүлгийн статус”-тайгаар эрх баригчдаас иргэдийн суурь эрх, хувийн өмчийн халдашгүй дархан байдалд халдсан заалтуудыг шинээр батлагдсан хуулинд оруулалгүй амжилттай хамгаалж чадсан гэж хэлж болно.

Шинээр батлагдсан татварын багц хуульд шүүмжлэх заалтууд маш олноор орсон боловч энэ удаа зөвхөн бодлогын болон зарчмын ямар алдаа байгаа талаар онцолъё: Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй, хүн болгон татвар төлдөг байх зарчим алдагджээ.

Манай улсын 2017 оны жилийн эцсийн тайланд 177 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдсэнээс 37,6 мянга нь төсөвт болон ТББ-ууд байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд бүртгэгдсэн 138 мянган аж ахуй нэгж байгаагаас аж ахуйн нэгжүүдийн тайлагнал, хууль хэрэгжилтийн байдлыг авч үзвэл 92 мянга нь татварын тайлангаа ирүүлсэн байдаг. Үүнээс 34 мянга нь татвар ногдох орлоготой тайлан ирүүлсэн, 17 мянга нь алдагдалтай, 38 мянга нь Х тайлан буюу үйл ажиллагаа эрхлээгүй гэжээ. Чанараар нь авч үзвэл нийт аж ахуйн нэгжийн 50-аас дээш хувь нь алдагдалтай буюу X тайлан ирүүлсэн байгаа юм. Гэтэл эсрэгээрээ манай улсын шилдэг 100 аж ахуйн нэгж, төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж, 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ нь Монгол Улсын татварын хүндийг томоохон аж ахуй нэгжүүд нуруундаа үүрч явааг илтгэх тоон үзүүлэлт. Харамсалтай нь, эдгээр аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн дэмжлэг болох заалт огт орсонгүй. Засгийн газар ажлын байр бий болгож, тэгш шударгаар татвараа төлдөг, шударга бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчдөө дэмжсэнээрээ жижиг дунд аж ахуй нэгжүүдэд “томорч болдог юм байна” гэх сэдлийг өгөх учиртай. Харин шинэ хууль томоохон аж ахуй нэгж жижгэрч, олсон орлогоо нуун дарагдуулах, татвараа төлөхгүй байх чиглэлд дэм өгсөн гэхэд хилсдэхгүй.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 191 мянган татвар төлөгч аж ахуйн нэгж байгаагаас 95.9 хувь нь бичил, жижиг хэмээх ангилалд багтаж байна. Эрх баригчид татвар төлдөггүй, төлөх сонирхолгүй бичил, жижиг аж ахуй нэгжийн татварыг нэг хувь болгосноо, “татварын шинэчлэл” хэмээн сүржин нэрлэсэн ажээ.

Үүнээс гадна үндэсний аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор үндэстэн дамжсан корпорациудын үйл ажиллагааг дэмжиж, төлөх ёстой татварын хэмжээг илт багасган хуульчилснаар бизнесийн тэнцвэргүй байдал үүсэх, бизнесийн орчинг дордуулсан гэж дүгнэж болохоор байна. Үндэстэн дамжсан корпорациуд, хөгжиж буй улс орны Засгийн газарт үзүүлдэг дарамт шахалтаа, тухайн улсын өргөн барих татварын болон бусад холбогдох хуулийн төсөлд оруулах замаар хуульчлан батлуулдаг нарийн аргатай байдаг. Үүний бодит жишээ бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23.1 буюу “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно” гэсэн заалт юм. Энэ нь гадаадын корпорациудад татвараас зугтах боломжийг олгож байна гэж үзэхээр байгаа. Мөн салбар, төлөөллийн газраараа дамжуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ 20 хувь байсныг 5-10 хувь болгон бууруулжээ. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 17 дугаар зүйлд: барилга байгууламж, газрын тохижилт гэх хөрөнгийн бүлгийн ашиглах нийт хугацааг 40 жилээс 25 жил хүртэл бууруулсан нь дотоодын аж ахуй нэгжүүдээ гэхээсээ илүүтэй үндэстэн дамжсан цөөн тооны компанийг дэмжсэн заалт болжээ. Ингэснээр татварын асар их хэмжээний орлого дутах магадлалыг бий болгож байгааг анхаарахгүй орхиж боломгүй байна.

Эцэст нь дурдахад, шинээр батлагдсан хуульд тооцоо судалгаагүй зүйл заалтууд их байна. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд: Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын хувь хэмжээг 30, 50, 100 хувь байхаар оруулж ирсэн байна. Татварын ерөнхий хуулийн 84.2 болон 85.1 заалтууд ч “тооцоо, судалгаагүй” гэх ангилалд багтана. Том аж ахуйн нэгжүүдийн 25 хувийн татвар төлөх орлогын босгыг 3 тэрбумаас 6 тэрбум болгосон. Энэ нь 3 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийн улсад төлөх татварын хэмжээ нэлээдгүй хэмжээгээр буурах нь тодорхой боллоо. Мөн шинэ хууль лицензийн бизнесийг дэмжсэн нь харагдаж байна. 2008 оны Татварын хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30%-ийн татвар ногдуулдаг байсан. Гэтэл шинэ хуулиар өртөг зардлыг хассаны дараах дүнгээс 10%-аар авах болгон бууруулжээ. Ийнхүү татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой улсын төсвийн орлого ямар хэмжээгээр дутагдах, энэ дутагдлыг яаж нөхөх нь тодорхойгүй үлдэж байна.

Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүд нь Татварын багц хуулиар татварын хөнгөлөлт болон татварын хэмжээг бууруулснаар үүсэх төсвийн цоорхойг ямар эх үүсвэрээр орлуулах, элэгдэл, хорогдол тооцох тооцооллын судалгааг нарийвчлан хийх, өмнөх хуулиудын зарим зүйл, заалтыг сэргээн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг харуулж байна.

Татварын хуулийн зорилт бол Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт, ноу хау, бизнес-инноваци, технологи, бүтээгдэхүүн бүтээх, хөгжүүлэх хөрөнгө босгох, үйлдвэрлэл, эдийн засаг, хэрэглээнд нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэх учиртай юмсан. Харамсалтай нь, шинээр батлагдсан багц хуулиас ийм зорилго агуулсан ганц өгүүлбэр ч хайгаад олсонгүй. Түүхий эдийн эрдэс баялаг болон импортоос шууд хамааралтай, хөгжиж буй эдийн засагтай улс орны хувьд татвартай холбоотой аливаа шинэчлэлийг аз туршсан, туршилтын маягаар хэрэгжүүлэх, татварын орлогод сөргөөр нөлөөлөх арга хэмжээг тооцоо судалгаагүй төлөвлөх нь ирээдүйд нөхөж боломгүй сөрөг үр дагавар дагуулах нь гарцаагүй юм.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 6 цаг 58 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 9 цаг 49 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 9 цаг 50 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 9 цаг 52 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 9 цаг 54 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 9 цаг 54 мин Газрын тосны үнэ дахин өслөө 9 цаг 55 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 9 цаг 56 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 11 цаг 46 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 12 цаг 1 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 12 цаг 6 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 12 цаг 7 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 12 цаг 9 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 12 цаг 9 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 14 цаг 36 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 14 цаг 40 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 14 цаг 41 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 14 цаг 42 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 14 цаг 44 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 15 цаг 46 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top