Австрали болон Европын Холбоо найман жил үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд чөлөөт худалдааны өргөн хүрээний хэлэлцээрт хүрлээ.
Ойролцоогоор 10 тэрбум австрали доллар (7 тэрбум ам.доллар)-ын өртөг бүхий уг хэлэлцээрт Мягмар гарагт гарын үсэг зурсан бөгөөд Австралийн Ерөнхий сайд болон Европын Комиссын тэргүүн нар үүнийг харилцан ашигтай алхам болсон гэж тодорхойлжээ.
Хоёр тал худалдааны бараг бүх тарифыг цуцлахаас гадна батлан хамгаалах болон чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэхүү хэлэлцээрийг "гүнзгий өөрчлөгдөж буй" ертөнцөд "хамтын тэсвэр хатуужил"-д төвлөрсөн хэлэлцээр болсон хэмээн онцолжээ.
Тэрээр "Их гүрнүүд гаалийн тарифыг хөшүүрэг болгон ашиглаж, нийлүүлэлтийн сүлжээг эмзэг цэг болгон ашиглаж буй ертөнцөд бид амьдарч байна" хэмээн хэлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого болон Хятад улсын чухал ашигт малтмалын зах зээл дэх ноёрхлыг хөндсөн хэрэг байв. Мөн тэрээр "Гүйлгээ хийхээс илүү итгэлцэл чухал" гэдгийг нэмж хэлээд, Австрали болон Европын Холбоо нь "урт хугацаанд зориулагдсан онцгой харилцаатай" болохыг тэмдэглэв.
Хэлэлцээрт юу багтсан бэ? Үхрийн мах, дарс болон батлан хамгаалах салбар
Хэлэлцээрийн дагуу дарс, жимс, хүнсний ногоо, оливын тос, далайн гаралтай бүтээгдэхүүн, ихэнх сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, арвай зэрэг Австралийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулдаг Европын Холбооны бараг бүх тарифыг цуцлах юм. Энэ нь дотоодын дарс үйлдвэрлэгчид болон экспортлогчдод ойролцоогоор 37 сая австрали долларын хэмнэлт авчирна гэж засгийн газар мэдэгдэв.
Харин Австралийн хэрэглэгчдийн хувьд Европын дарс, хатуулагтай архи, жигнэмэг, шоколад, гоймон зэргийг илүү хямд үнээр худалдан авах боломжтой болно.
Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Австралид үйлдвэрлэсэн Итали маягийн оргилуун дарсыг дотоодын зах зээлд "просекко" нэрээр үргэлжлүүлэн борлуулж болох боловч экспортын хувьд уг нэрийг 10 жилийн хугацаанд үе шаттайгаар халах ажээ.
Австралийн үйлдвэрлэгчид "пармезан" зэрэг нэрийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой ч "фета" бяслагны хувьд хуучин эрхийг хадгалах болон урт хугацааны шилжилтийн үеийн зохицуулалтад хамрагдах юм.
Хүнсний бүтээгдэхүүний нэршлийн эрхийн асуудал нь Европ болон Австралийн аль алинд нь эмзэг сэдэв бөгөөд Австрали нь Италиас гадна "просекко" нэрийг ашиглах зөвшөөрлийг Европын Холбооноос авсан цорын ганц улс болж байна.
Энэ талаар Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе тус улсын орчин үеийн түүхийг цагаачид бүтээсэн болохыг дурдаад, "Тийм ч учраас Грекчүүд энд ирж фета бяслаг хийх, Италичууд ирж пармезан хийх, эсвэл Зүүн Европынхон крански зайдас хийх нь Европтой холбогдох бидний хэлхээ холбоо юм" гэжээ.
Уг худалдааны хэлэлцээр нь "төгс тэнцвэр"-ийг хангасан бөгөөд Австраличууд Европын Холбоо руу экспорт хийхэд илүү хялбар болохын зэрэгцээ Австралид Европын Холбоонд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн илүү ихээр нэвтрэх болно гэж Урсула фон дер Лейен хэлэв.
Гэвч "Австралийн мах, мал аж ахуйн холбоо"-ны төлөөлөгч Эндрю МакДональд махны экспортын талаарх тохиролцоо нь жилд дор хаяж 50,000 тонн квот авахыг хүсэж байсан Австралийн тариаланчдын хувьд шударга үр дүн биш гэж үзэж байна. Хэлэлцээрээр энэ хэмжээг 3,389 тонноос 30,000 тонн орчим болгон нэмэгдүүлжээ. Тэрээр "Энэ бол Австралийн улаан мах үйлдвэрлэгчид, боловсруулагчид болон экспортлогчдын хувьд эргэлзээгүй алдагдсан боломж юм" гэж мэдэгдэв.
Аюулгүй байдал, батлан хамгаалахын шинэ түншлэлийн хүрээнд батлан хамгаалах аж үйлдвэр, терроризмтой тэмцэх, сансар судлал болон далайн аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.
Мөн Урсула фон дер Лейен лити, гянт болд зэрэг чухал ашигт малтмалын хэд хэдэн төсөл дээр Австрали болон Европын Холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болсныг зарлалаа.



