Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,946 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 9,111 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 782 хэрэг шинээр нээж, 393 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 174, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 12, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 6, Авлигын 5, бусад төрлийн гэмт хэрэг 6 байна.
-Х.Б нь "..." үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит болон хувьцаат компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны нэр бүхий 8 тэргүүлэгчтэй бүлэглэн 2022 онд тушаал гарган 8 тэргүүлэгчдэд 31 сая төгрөгийн, өөртөө 7 сая төгрөгийн урамшуулал, хяналтын хорооны дарга Г.Ц-д 5 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг, мөн өөртөө 16,2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон, хуулийн этгээдийн өмчлөлийн Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг 12,9 сая төгрөгөөр гэр бүлийнхээ хүний өмчлөлд шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- М.Д нь "Х..." ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй "С..." ХХК-иас 49 ширхэг падаанаар 3.5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.Л нь "Т..." ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй "С..." ХХК-иас 6 ширхэг падаанаар 636 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.М нь 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн төрсөн эгч Б.Х-ын нэрээр гадаад улс дахь Монгол Улсын консулын газраас гаргуулан авсан буцах үнэмлэхийг ашиглаж, Монгол Улсын хилээр нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
- Т.Н, А.Ш, А.Х нар нь бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдаас хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Д.Н нь 2025 оны 08 дугаар сард ... "өвс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Н.Б нь 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр "Телеграмм" цахим сувгаар бусадтай холбогдож, сэтгэцэд нөлөөт бодис бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.



