2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Мексикийг зорин ирэх хөгжөөн дэмжигчдэд ямар ч аюул учрахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум өчигдөр буюу мягмар гарагт мэдэгджээ. Мексикийн хамгийн зартай хар тамхины картелийн толгойлогчийг баривчилж, улмаар нас барсны дараа тус улсад эмх замбараагүй байдал дэгдсэн байна.
Тэрбээр мэдэгдэхдээ, олон улсын хөл бөмбөгийн хамгийн том тэмцээний үеэр аюулгүй байдлын бүх баталгааг бүрэн хангасан гэж онцолжээ. Энэхүү тэмцээнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хөгжөөн дэмжигч Мехико, Монтеррей болон Халиско мужийн нийслэл Гвадалахара хотыг зорин ирэх төлөвтэй байгаа юм.
Нөхцөл байдал хэвийн болж байгаа бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангахаар хүчний байгууллагууд ажиллаж байна гэж К.Шейнбаум өглөө бүр хийдэг хэвлэлийн хурлынхаа үеэр хэлжээ. Өнгөрсөн ням гарагт явуулсан цэргийн ажиллагааны үеэр устгасан Немесио Осегерагийн хамсаатнууд түүний өшөөг авахаар орон даяар зам хааж, автобус, дэлгүүрүүдийг галдан шатаасан байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантино Мексик улсад энэ зун ДАШТ-ийг зохион байгуулахад санаа зоволтгүй сэтгэл амар байгаагаа илэрхийлээд бүх зүйл гайхалтай байх болно гэжээ.
Мексикт үүсээд буй нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж байгааг ФИФА-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters



