Хоёрдугаар сарын 24 ний өдөр 14.00 цагийн үед Буйр нуурт приус-30 маркийн авто машинтай нэг гэр бүлийн 6 хүн цөмөрч, хоёр нь амьд гарч, 4 хүн эндсэн байна.
Нутгийн иргэний мэдээлж буйгаар, Сүхбаатар аймгийн нэг гэр бүлийн 3 том хүн, 3 хүүхдийн хамт золголт хийгээд буцаж явсан, нэг том хүн, нэг хүүхэд эсэн мэнд гарсан гэв. Онцгой байдлын алба хаагчид яг одоо дуудлагын дагуу ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн гол нууруудын мөсний дундаж зузаан цаг уурын хэмжилтийн цэгүүдэд 73-116 см байна. Хэрлэн голын мөсний дундаж зузаан 79 см буюу өмнө оны мөн үеийнхээс 11 см бага, Улз гол уртын дагууд мөсний зузаан нь 70-115 см буюу ноднин жилийн өдий үеийнхээс 6-30 см их байгаа бол Халх голын мөсний дундаж зузаан 100-107 см буюу өмнөх жилийнхээс 13 см-ээр бага, Ялалт багийн орчмоор 13 см-ээр их байгаа юм.
Буйр, Хөх нуурын мөсний дундаж зузаан 99-116 см буюу 2025 оны мөн үеийнхээс 12-21 см их байна.



