"Disney" зэрэг томоохон компаниуд шүүхэд өгнө гэж анхааруулсны дараа Хятадын технологийн томоохон компани болох “ByteDance” хиймэл оюунд суурилсан “Seedance” дүрс бичлэг үүсгэх хэрэгслийнхээ хэрэглээг хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Сүүлийн хэд хоногт “Seedance”-ийн 2.0 хувилбарыг ашиглан бүтээсэн бодит мэт дүрс бичлэгүүд цахим орчинд тархаад байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт "Disney" компани "ByteDance"-д албан бичиг хүргүүлж, "Marvel" болон "Star Wars"-ын дүрүүдийг зөвшөөрөлгүй ашигласан, "оюуны өмчийг хулгайлсан" хэмээн буруутгажээ.
"Seedance"-ээр бүтээсэн "Оддын дайн" цувралын Анакин Скайуолкер, Рэй нарын тулаан, түүнчлэн Хүн аалз болон Ахмад Америк нар Нью-Йорк хотын гудамжинд тулалдаж буй дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээнд тархаад байгаа юм.
Тус компани өнөөдөр мэдэгдэхдээ "Бид оюуны өмчийн эрхийг дээдэлдэг бөгөөд 'Seedance 2.0'-той холбоотой гомдлыг хүлээн авлаа. Хэрэглэгчид бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлэх үүднээс арга хэмжээ авна" гэсэн байна.
"Disney"-гээс гадна "Warner Bros", "Netflix", "Paramount" зэрэг студиудыг төлөөлдөг Америкийн кино урлагийн холбоо болон жүжигчдийн эвлэл тус компанийг зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутгажээ.
Японы Засгийн газар мөн "ByteDance"-ын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Учир нь уг хэрэгслээр Японы алдартай анимэ дүрүүдийг ашиглан бүтээсэн дүрс бичлэгүүд цахим орчинд цацагдсан байна.
"Seedance" бол богино хэмжээний бичвэр болон зураг ашиглан хэдхэн секундын дотор өндөр чанартай дүрс бичлэг үүсгэдэг хэрэгсэл юм. "ByteDance" компанийнхан уг системийг сургахад ямар өгөгдөл ашигласнаа одоогоор нууцалж байна. Өмнө нь "Disney" болон "NBCUniversal" компаниуд "Midjourney" платформыг шүүхэд өгч байсан бөгөөд уг хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна.
ВВС



