Ираны нийслэл болон бусад томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал ням гаргаас хойш үргэлжилж байгаа тухай мэдээллийн хэд хэдэн агентлаг мягмар гарагт мэдээлжээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал эсэргүүцлийн жагсаал өрнөх гол шалтгаан болжээ. Жагсаалд Техран, Исфаханы томоохон их сургуулиудын оюутнууд нэгдсэн байна.
Жагсагчид болон цагдаа нарын хооронд "жижиг" мөргөлдөөн гарчээ. Хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Dpa агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал улс төрийн тэмцэл болж хувирсан байна. Жагсагчид "Дарангуйлагчид үх", "Хаан урт наслах болтугай" зэрэг уриа лоозон хашгирч байжээ. Эхнийх нь Ираны шашны удирдагч Аятолла Али Хаменеиг хэлж байж магадгүй байгаа бол сүүлийнх нь 1978-1979 оны Исламын хувьсгалаар Иранд түлхэн унагасан хаант засаглалыг сэргээхийг уриалж байгаа бололтой.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мягмар гарагт мэдэгдэхдээ, жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний “хууль ёсны шаардлагыг сонсохыг” Дотоод хэргийн сайддаа үүрэг болгосон гэжээ. Энэ нь “засгийн газар асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан хариуцлагатайгаар ажиллах боломжтой болохын тулд” шаардлагатай гэж тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
AFP агентлагийн мэдээлснээр, ард иргэдийн эсэргүүцэл ням гарагт Техраны гол захаас эхэлсэн бөгөөд эхлээд гар утас худалддаг, дараа нь бусад бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн эзэд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаас үүдэлтэй гипер инфляц болон үнийн огцом хэлбэлзлийг эсэргүүцэн дэлгүүрүүдээ хаажээ. Эдгээр хүчин зүйл нь импортын бараа худалддаг худалдаачдад голчлон нөлөөлж байна.
12 дугаар сарын 29-нд риалын ханш доод түвшинд хүрч унажээ. Нээлттэй валютын зах дээр 1 ам.доллар 1.4 сая орчим риалтай тэнцсэн нь албан ёсны ханшаас ихээхэн зөрүүтэй байв. Үүнтэй холбогдуулан Ираны Төв банкны захирал Мохаммед Реза Фарзин огцорчээ.
Ираны эдийн засаг өндөр инфляц ба Засгийн газрын цөмийн хөтөлбөртэй холбоотой барууны хоригийн дарамтанд байна. Ерөнхийлөгч Пезешкиан саяхан инфляц болон үнийн өсөлттэй тэмцэхээ амласан байна.
Эх сурвалж: DW



