x

ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ

Залхууст бид дургүй. Юу ч гэж хэлдэг бай тэд бол арчаагүй заваан, мулгуу тэнэг, ичих нүүргүй шувтарсан, бусдыг мөлжин паразитлагч, нийгмийг доош чангаадаг олон муугийн үүр уурхай. Тэд жаахан л цөөрөхөд бид арай аятайхан амьдарна даа ч гэж санагдам.

Уг нь цэвэр либертарист хүний хувьд залхуусыг нүд үзүүрлэх шалтгаан тэдэнд үгүй. Либертаристууд бол юу юунаас илүүтэйгээр эрх чөлөөг шүтэгчид; бусдын юу хийх, хийхгүйд тэд огтхон ч санаа зовох учиргүй. Гэсэн хэрнээ либертаристууд яагаад ч юм, хүнийг эрх чөлөөтэй л байх юм бол хэнээс ч дутахгүй хөдөлмөрлөх байгалийн зөнтэй юм шигээр хардаг бололтой бөгөөд хэн нэг хүн хөдөлмөрлөхгүй залхуурч хэвтвэл шууд л халамжийн бодлогын үр дүн гэж нотлохыг оролдоно. Халамжлуулж байгаа хүн эрх чөлөөгүй; халамж л байхгүй бол хэн бүхэн эрх чөлөөтэйгээр өөрийнхөө төлөө шоргоолж шиг л гүйлдэнэ, гэж. Гэвч үнэхээр тэгэх болов уу?

Бид үнэхээр байгалиасаа борви бохисхийлгүй хөдөлмөрлөх чадвартай, тийм зориулалттай, түүхийнхээ туршид хөдөлмөрлөж ирсэн, хөдөлмөрлөхгүй л бол байж сууж чаддаггүй, тийм онцлогтой амьтан уу?

Үнэнийг өчвөл хүн байгалиасаа хөдөлмөрч амьтан биш юм. Хүн түүхээ бичиглэж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх урт удаан хугацааныхаа туршид хөдөлмөрийг төдийлөн эрхэмлэж байсангүй. Хамгийн алдартай жишээ гэвэл эртний Грекийн цаг үед хөдөлмөр нь голчлон боолчуудын эрхэлдэг үйл байсан ба жирийн иргэд хөдөлмөрөөс жигшин зугтаадаг байсан гэдэг. Грекийн эрин улирч, Ромын эрин залгаж, цаашаагаа дундад зууны зогсонги үе рүү гулсан орсон тэр хэсэг хугацааны туршид өрнө дорно аль ч ертөнцийн иргэд хөдөлмөрийн ариун ёсыг шагшин дээдэлж, сайн дураараа хөдөлмөрлөж байсангүй. Тэр цагт мөн л дээд анги нь доод ангиа зарцалж, доод анги нь дуртай дургүй гэлдэрдэг тийм л дүр зураг ноёлж байж.

Тэгвэл “Ажил хийвэл ам тосдоно” хэмээх философийг аанай л ертөнцийн үүрдийн үнэн аятай улигладаг өнөөгийн бидний энэ ёс суртахууны үндэс хаанаас соёолж эхэлсэн бэ гэхээр тэр нь Хятадын Сүн династын олж нээсэн дарь хэмээх бодис Монголын эзэнт гүрнээр дамжин Европт хүрч, түүнээс хоёр зууны дараах XVI зуун гэхэд цэрэг дайны онолд хувьсгал дэгдээснээс үүдэлтэй. Анхандаа дуу чимээ тавьж, морь мал цочоох төдийхнөөр ашиглагддаг байсан тэсрэх бөмбөг яваандаа хамгийн хөнөөлтэй галт зэвсэг болсноор дайн гээч зүйл аймшигтай их зардал шаардсан үйл хэрэг болж, Европын орнууд дайн хийж бусдыг түрэмгийлэхийн төлөө эрэлхэг рыцариуд цуглуулахын оронд эдийн засгаа бэхжүүлэх шаардлагатай болжээ. Нэг ёсондоо тэр цагаас хойш дайн гэдэг нь эрэлхэг зоригтой хэдэн цэргүүд гэхээсээ эдийн засаг, технологийн хүчээр шийдэгддэг асуудал болсон хэрэг. Тийнхүү европчууд эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн тулд Меркантилизм рүү уралдан орж, тэр нь цаашаагаа Капитализм болсон түүхтэй. Шулуухандаа бол дайнаас Капитализм төрсөн ба хожим нь Капитализм дайнгүйгээр үргэлжлэх өөрийн голдирлоо олжээ.

Гэхдээ л хүмүүс капитализмын нөлөөгөөр гэв гэнэт ажилсаг болчихсон ч бас биш юм. Голландад залхуу хүмүүсийг газар доорх гянданд хориод, дээрээс нь ус гоожуулдаг байж. Хоригдлууд усыг шахуургаар тасралтгүй зайлуулахгүй л бол живж үхдэг байсан гэдэг. 18-р зууны Францад гуйлга гуйхыг гэмт хэрэг гэж үзээд гуйлгачилсан хүнийг М тэмдэгтэй тамгаар түлдэг байж. Энэ мэтээр төрөөс олон нийтийг хүчээр залхаан цээрлүүлж ажиллуулах явдал тухайн үеийн Европт бараг л хэвийн үзэгдэл шахуу байв. Товчхондоо бол цэрэг дайны онолын хувьсгалын дараах Европт Меркантилизм дэлгэрч, түүгээр амжилт олохын тулд хөдөлмөрлөх хүч ихээр шаардагдаж, улмаар залхаан цээрлүүлэхийн хажуугаар хөдөлмөрийн ариун ёсыг сурталдах замаар “Ажил хийвэл ам тосдоно” гэх үзлийг нийгэмд аажмаар суулгаж өгсөн түүхтэй ажээ (Суртал ухуулгын үүргийг нь протестантууд голлон гүйцэтгэсэн).

Өнөөгийн монголчууд бид өөрсдийнхөө арчаагүй залхууг гайхахын хажуугаар япон, солонгосчуудын ажилч хичээнгүйг шагшин бахдах нь элбэг харагддаг. Гэтэл үнэндээ тэд ч бас бүх түүхийнхээ туршид ген нь өөрчлөгдтөлөө махилзаж ажилласан уу гэвэл огтоос тийм байсангүй. Япон арлыг олж нээсэн Португалийн худалдаачид тэндэхийн тариачдын ажиллах цагийн богиныг хараад гайхан дуу алдсанаа тэмдэглэн үлдээсэн нь ч бий. Өнөө үед кино энтертейнментээр эрт цагийн ази хүмүүсийг дүрслэхдээ дандаа л нэг Г үсэг шиг болтлоо ажиллаад ажиллаад зовлон шаналал нь дундардаггүй байдлаар харуулдаг нь үнэндээ бол өнөө цагийн л ёс зүйн хэмжүүрт суурилсан уран сайхны хийсвэрчлэл болохоос үнэн бодит гэх ямар ч нотолгоо үгүй юм (эцсийн эцэст үзэгчид ойлгохоор л юм хийхгүй бол мөнгө олохгүй шүү дээ. Үгээгүй ядуу хэр нь ээ олхиогүй залхуу гол дүрийн хүүхэн байвал өнөө үед хэний ч сэтгэл хөдлөхгүй биз). Япон хүн ажлын ёс зүйд суралцаж эхэлсэн нь мөн л европын цэрэг дайны өрсөлдөөнд Япон татагдан орсноос эхтэй. Түүнээс өмнөх үеүдэд Япон ч, Хятад ч энх тайвныг л эрхэмлэгч улсууд байж. Ямар сайндаа хаа байсан Сүн династийн үедээ үхэр бууг зохиосон хятадууд түүнээс хамаагүй хожмын Мин династын үедээ манжийн хүчирхэгжилтийн өөдөөс үндэсний үйлдвэрийн их буу бус Португалиас олж авчирсан буу ашиглаж байх вэ. Манжууд Манж Чин гүрнийг байгуулсан хойно ч бас цэрэг техникийн шинэчлэл төдийлөн өрнөлгүй явсаар эцэстээ хар тамхины дайнаар англичуудад бут ниргүүлснийг бид мэднэ (Ингээд бодохоор монголчууд залхуу байгаад ер гайхах шаардлагагүй ч юм шиг. Ингэхэд яг хэн биднийг тэгж хүчээр ажилд сургасан билээ?).

Хүн төрөлхтөн Грекийн цаг үед хөдөлмөрөөс жигшин цааргалдаг байснаа дундад зууны шашны хувьсгалыг өрдөгч Лютер “Хөдөлмөр бол бурхнаас бидэнд өгсөн ариун үүрэг” хэмээн арай нааштайгаар тунхаглаж, ойрх үеийн философич Жон Локк “Бүхий л баялгийн эх ундарга бол хөдөлмөр юм” хэмээн үнэлсэн бол XIX зуун гартал Карл Маркс “Хөдөлмөр хүнийг бүтээсэн” гэх хүртэл нь дээш өргөмжилж, өнөөдөр бид “Эрхэлсэн тодорхой ажилгүй” гэдэг тодотголын араас нүдэнд хүйтэн нийгмийн шаарыг төсөөлдөг болтлоо хувирчээ.

Тийм ээ. Хөдөлмөр, хөдөлмөрийн ёс зүй, хөдөлмөрч хүн ー эдгээр үгсийг сонсоод танд төрж буй тэр эерэг ариун, арц хүж ханхалсан сэтгэгдэл бол хүний түүхийн дийлэнх цаг үед төдийлөн байгаагүй, ердөө саяхнаас л гарч ирсэн өвөрмөц үнэлэмжийн хэмжүүрээс төрж буй мэдрэмж юм.

Гэсэн ч цаг цагаараа байдаггүй. Хөдөлмөрийн ёс зүй үүрд хүн төрөлхтний хөгжлийн жанжин шугам байх албагүй. Мэдээж, хөдөлмөрийн ёс зүйн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх санаа надад огтхон ч алга. Хүн төрөлхтөн дараагийн шинэ өндөрлөгтөө хүрч очихын тулд капитализмаар хэсэг туучих зайлшгүй шаардлагатай ч байсан юм бил үү. Тэгээд тэр капитализм “ажилсаг” хүмүүсээр л мотор хийн урагшилж, мөнхүү ажилсаг хүмүүсийг арай илүү урамшуулна.

Гэвч сайтар бодож үзвэл (болж өгвөл өнөөгийн нийтлэг үнэлэмжийн хэмжүүрээсээ мултран гарч, илүү өргөн хүрээнд эргэцүүлж харвал) ажилсаг хүмүүс л үнэлэгдэж, тийм бишүүд нь жигшигддэг нийгмийн тогтолцоог үнэхээр төгс гэж хэлэх үү? Хүнд байгалиас өгөгддөг тоолж баршгүй олон шинж чанаруудаас зөвхөн “Ажилсаг байх” гэдэг параметрийг л дөвийлгөн чухалчлахыг өмгөөлсөн ямар нэг ёс суртахууны аргумент гаргаж тавих боломжтой гэж үү?

Үүн дээр жишээ болгож сүүлийн үед их яригдах болсон мөрийтэй тоглоомны тухай бодож үзье. Үнэндээ хүн бүр мөрийтэй тоглоомд донтоод байдаггүй. Зарим хүн биологийн өгөгдлөөсөө шалтгаалж, зарим нь орчин хүмүүжлээсээ шалтгаалан мөрийтэй тоглоомд донтдог. Аль нь ч бай мөрийтэй тоглоомд донтогч өөрийн хүсэл зоригийн хүчээр тэр зуршлаа өөрчлөх бараг л боломжгүй. Угаас хүн бид өөрийн хүсэл зоригийн хүчээр бүхий л шинж төрх, зан авир, онцлог зуршлаа удирдах чадвартай гэж үү? Тэр бүү хэл өөрийгөө өөрчлөхийг хичээн чармайх тэр хүсэл зоригийн хүч хүртэл хүн бүрд харилцан ялгаатай өгөгддөг байгалийн үзүүлэлт шүү дээ.

Ердийн дундаж хүмүүс мөрийтэй тоглоомноос олж болох олз хийгээд түүнийг дагалдах аймшигтай том эрсдэлийг харьцуулж хараад гол төлөв зай барин жийрхдэг. Тэр ч бас өөрийн өгөгдлөө л дагаж буй үйлдэл. Харин мөрийнд донтогч хүмүүсийн өгөгдөл харьцангуй өөдрөг талдаа байдаг шиг бөгөөд эрсдэлийг ердийн хүмүүсээс багаар үнэлж хардаг болохоороо өөрийн эрхгүй татагдан ордог. Гэмт хэргийг ч бас нэг төрлийн мөрийтэй тоглоом гэж хэлж болмоор (мөрийтэй тоглоомыг гэмт хэрэг гэж хэлээгүй шүү). Гэмт хэрэг үйлдэж, орон шоронд ороод хүний адаг болж амьдарна гэдэг эмгэнэлээс өөр юу ч биш. Ял шийтгэлийг багаар үнэлснээсээ болж ухаалаг шийдвэр гаргаж чадаагүй тэдгээр хүмүүсийн байгалийн өгөгдөл гэдэг өөрөө нэг төрлийн хөгжлийн бэрхшээл ч гэж үзэж болмоор.

Тэгэхээр залхуурах, мөрийтэй тоглоомд донтох, гэмт хэрэг үйлдэх, энэ бүхэн төрөлхөөс эсвэл орчин нөхцлөөр дамжин бидэнд өгөгдсөн шинж чанараас хамаарч тодорхой хэмжээнд шийдэгддэг зүйлс юм. Гэлээ гээд “Ингээд төрчихсөн юм, хөөрхий” гээд гэмт хэрэгтнүүдийг өршөөгөөд байж мэдээж болохгүй. Дотроо өрөвдсөн ч гаднаа шийтгээд явахаас өөр яалтай. Ил тод өрөвдөж бүр ч болохгүй. Тэгэх нь тэр азгүйчүүдийн гарт хохирсон хүмүүсийн сэтгэлд сэв суулгаж, нэмж хохироосон явдал болно.

Тэгвэл гэмт хэрэгтнүүдийг шийтгэх ёстойн адилаар залхуусыг ч бас чичлэн доромжилж, хараан зүхэх ёстой юу? Өнөөдөр бараг бүх хүн “Ядуурлын хамгийн гол шалтгаан залхуурал юм аа” гэвэл толгой дохино (лав л учиргүй эсэргүүцэхгүй байх). Уг нь бодит байдал дээр залхуу биш хэр нь ээ ядуу яваа олон хүмүүс бидний дунд бий л дээ. Гэхдээ л үнэхээр залхуугаасаа болж ядуу явдаг ч бай эцсийн эцэст хүн л бол хүн. Хүний нийгэмд хүн болж төрсөн л бол тэр хүнийг нийгэм нь хаях ёсгүй, ямар ч тохиолдолд! Яагаад гэвэл тэр нийгэм бол гөрөөсний эсвэл шоргоолжны нийгэм биш, хүний нийгэм болохоор тэр. Тийм ч учраас цаазын ял гэж байх ёсгүй.

Та хэн болж төрөхөө өөрөө шилж сонгоогүй. Ямар орчинд, ямар эх эцгийн гэр бүлд өсөж бойжихоо ч та өөрөө шийдээгүй. Та өнөөдөр ажилч хичээнгүй хүн болон төлөвшиж, амжилтаар цэлэлзэж яваа бол тэр чинь ердөө л АЗ болохоос таны цэвэр өөрийн гавьяа биш юм. Гэхдээ би аливаа нэг ялалт ялагдалд тодорхой хэмжээний аз буюу санамсаргүй фактор нөлөөлдөг гэдэг утгаараа таныг азтай гэж хэлсэн юм биш. Харин хичээн мэрийгч, шантаршгүй зоригт, хөдөлмөрийн ариун ёсонд бүрэн суралцсан тэр бүх шинж чанарыг тохиолдлоор биедээ цогцлоож, хөдөлмөрийг магтан дуулдаг нийгэм бүхий энэ цаг үед тохиолдлоор төрж таарснаараа та азтай юм аа гэдэг утгаар хэллээ.

XX зууны нэрт философич Ханна Арендт “Хүн байх нөхцөл” номондоо хүний үйл хэргийг дотор нь “Хөдөлмөр”, “Ажил”, “Сайн дурын идэвх” хэмээн гурав ангилан шинжилсний дүнд “Хөдөлмөр” төвтэй нийгмийн тогтолцоог адгуусны нийгмээс өөрцгүй хэмээн шүүмжилсэн байдаг. Бид амьд явахын тулд төмс ч болов идэх шаардлагатай. Тэгвэл тэр амьд явахад шаардлагатай төмсөө тарьж буй үйл хэрэг бол “Хөдөлмөр” юм. Хөдөлмөр бол ердөө л амьд явахын төлөөх үйлдлээс өөр юу ч биш гэсэн үг. Хөдөлмөрлөж амь зууж яваа хүн тахь авлах арслан лугаа адил адгуусны амьдралаар амьдарч буй хэрэг.

“Ажил” бол шууд идэж хэрэглээд дуусчихдаггүй ямар нэг зүйл бүтээхийг хэлнэ. Дуу шүлэг, багаж төхөөрөмж, барилга байгууламж. Ийм зүйлс үхсэний дараа ч үргэлжлэн үлдэх магадлалтай. Нэг ёсондоо ажил гэдэг нь төрсөн бол хэсэг идэж уугаад үхэх тавилантай хүн биднийг аргадан тайтгаруулахуйц урт настай зүйл бүтээх үйл хэргийн нэр гэсэн үг.

Харин “Сайн дурын идэвх” бол олон янзын хүмүүс хоорондын эрх тэгш харилцааг хэлж буй бөгөөд тодорхой жишээ гэвэл улс төрийн үйл ажиллагаа үүнд хамаарна. Тэгээд Арендтийнхаар бол чухам сайн дурын идэвх л хүн нэг бүр дангаараа гүйцэлдүүлж үл чадах үйл хэрэг бөгөөд хүнийг хүн болгодог хамгийн мөн чанарлаг үйлдэл аж. “Сайн дурын идэвх бол бурхан ч адгуус ч үйлдэж эс чадах зөвхөн хүнд байдаг онцгой чадвар мөн” гэжээ. Сайн дурын идэвх бол хүн нэг бүрийн давтагдашгүй онцгой шинж чанарыг ил гаргаж, тэднийг хэн болохыг нь илчлэх ч бас үр нөлөөтэй. Яагаад гэвэл хүн гээч амьтан өөрөө өөрийгөө тэр байгаагаар нь харж мэдэж чадахгүй, зөвхөн бусдад тусах тусгалаасаа өөрийгөө анзаарах боломжтой. Тиймээс сайн дурын идэвх гарган бусадтай холбогдсоноор бий болох нийгэмч үйл хэргээр дамжуулж л хүн хүнээрээ орших боломжтой юм гэнэ.

Эрх чөлөөг эрхэмлэгч либертарист нүдээр харвал амь зуухын төлөө ажил хийж буй хүнийг хэрхэвч эрх чөлөөтэй гэж хэлэх аргагүй. Дарангуйлагчийн дор хүн эрх чөлөөтэй байж чаддаггүйн адилаар өлөн ходоод гэх захирагчийн дор ч бас эрх чөлөө олдохгүй. Учир нь хөдөлмөр эрхэлнэ гэдэг бол (өлөн гэдсэндээ, дарангуйлагчид, капитализмд) боолчлогдож буйгаас өөрцгүй зүйл бөгөөд боолчлолыг бүрэн халаагүй цагт бид хэзээ ч үнэмлэхүй эрх чөлөөнд хүрэхгүй. Үнэмлэхүй эрх чөлөөнд хүрч, хүн нэг бүр хүн шиг хүний хувиар нэг насыг элээдэг болъё гэвэл бид хөдөлмөрт суурилж, “Ажилсаг байх”-ыг дөвийлгөн сурталддаг өнөөгийн капитализмаас эрт орой заавал татгалзах ёстой болох нь. Тийм ээ, капитализм бол бидний төсөөлж чадах хамгийн төгс нийгэм огтоос биш юм.

Харин ойрын ирээдүйд угтан ирж мэдэх Хиймэл оюунд суурилсан шинэ нийгэмд горьдлого тавих үндэс бий. Боолчлолоос бүрэн чөлөөлөгдье гэвэл үнэн чанартаа бид боолтой болох ёстой юм. Гэхдээ тэр боол нь хэсэг бүлэг хүн байж болохгүй нь нэн тодорхой (өнөөдөр бол тийм байгаа). Харин хиймэл оюун гэгч үл таних ардаг эмнэгийг эвий нь олоод боолоо болгож чадах л юм бол сая нэг хүн төрөлхтөн ажилсаг залхуу, ухаантай тэнэг, донтогч шартагч хэн байхаас үл хамааран бүх нийтээр хүн шиг амьдарч чадах биз ээ (бүх хүн аз жаргалтай болно гээгүй шүү). Тэгээд тэр үед л бид арай гэж нэг юм залхуус, донтогч мэтийн шалих шалихгүй алаг үзлээ анзааран таягдаж, хүнд байгалиас өгөгддөг бүхий л параметрүүдийг ижил тэгшээр хүлээн зөвшөөрөх буй за.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 31 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 32 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 32 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 34 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 36 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 37 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 39 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 40 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 42 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 43 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 45 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 46 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 47 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 48 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 49 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 50 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 51 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 53 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top