Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын "Үйлчилгээний гавьяат" ажилтан цолоор шагнуулсан Х.Мөнхбатыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Хотгойдын наадам, Мөрөнгийн хүрээ үүсэн байгуулагдсан ойн өдрөөр гурван өрөө байраар шагналаа. Нутаг усных нь Хөвсгөл аймаг дахь "Шинэ Мөрөн" хорооллын орон сууцаар түүний алдар гавьяаг ийн мялаажээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат нь 2008 оноос хойш 11 жил Онцгой байдлын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ 18 хүний амь насыг аварч, хувь хүн, байгууллага, улсын нэг тэрбум шахам төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.

Тухайлбал, 2011 онд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж явсан “НИК Петровис” компанийн хоёр автомашин нууранд осолдоход 35-45 хэмийн хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоногт 9 удаа шумбаж, нэг хүний цогцсыг гарган хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцжээ.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат юм.



