Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 26-ны өдөр Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын захирагч Ясухиро Учидатаг хүлээн авч уулзлаа.
Талууд хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор спортын тэр дундаа байт харвааны залуучуудын солилцооны хөтөлбөр, Япон хэлний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг холбох зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм.
Мөн уулзалтын үеэр Ясухиро Учидата “Оказаки хот нь ӨМӨЗО-ы Хөх хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 30 жилийн нүүр үзэж байна. Улаанбаатар хот мөн Хөх хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай гэсэн. Манай гурван хот гурвалсан харилцаа холбоо тогтоох саналтай байгаагаа уламжилмаар байна” хэмээсэн юм.
Хотын захирагч С.Амарсайханы зүгээс хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийллээ.
Японы Оказаки хотын захирагч Ясухиро Учидатаг Монголын Байт харваан холбооны ерөнхийлөгч П.Цагааны урилгаар албан ёсоор манай улсад айлчилж байгаа юм. Түүнтэй хамт Оказаки хотын хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, соёлын харилцаа хариуцсан захирал Ёшио Ота хамт ирсэн бөгөөд албаны хүмүүсийг МБХХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Шизүока Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро нар түүнийг угтан авсан юм.



