“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн билээ. Бүртгэл 14 хоног үргэлжилж наймдугаар сарын 5-ны өдөр хаана. Одоогийн байдлаар 21,229 иргэн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Манай байгууллагын албан ёсны веб хуудас руу өдөрт 120 мянга орчим хүн хандаж байна. Үүнээс үүдэн цахим бүртгэлийн системийн хувьд гацалт үүсэх, алдаа гарах зэрэг асуудлууд одоогоор үүсээгүй ба сервер хэвийн ажиллаж байна гэж Нийслэлийн орон сууцны корпрацийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Мөн иргэд түрээсийн орон сууцад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй гэв. Үүнд
-Зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой.
-Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ.
-Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө.
-Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ.
-Тухайн иргэн нэг удаа л бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийх бөгөөд анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болно.
-Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно.
-Бүртгүүлэгч өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцад хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочир дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг нэмж хэлмээр байна.
-Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцад хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой.
-И-майл хаяг болон нууц үгээ аль нэгийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэж авах боломжтой.
Үүнээс гадна иргэд бүтгүүлэхээсээ өмнө Нийслэлийн зорилтот бүлгийг түрээсийн орон сууцад хамруулах журамтайгаа маш сайн танилцаж, зорилтот найман бүлгийнхээ аль бүлэгт хамаарахаа гэр бүлийн хүрээнд ярилцаж тодорхойлох хэрэгтэй. Мөн орлого, зарлагын мэдээллээ бичихдээ бутархай тоогоор бус бүхэл тоогоор бичих ёстой гэдгийг анхааруулж байна.
Бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжлэх тул энэ хугацаанд багтан хэзээ бүртгүүлэх нь хамаагүй. Учир нь бүртгүүлсэн дараалаар бус ирүүлсэн мэдээллээс нь шалтгаалан эрэмбэлэгдэж, сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ гэв.



