Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нөөц багассантай холбогдуулан Улаанбаатар хотын харьяалалтай УАА серийг энэ сарын 24-ны лхагва гаригаас задалж байгаа бөгөөд уг дугаарыг зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд олгохоор болжээ.
Цахимаар дугаар сонгон захиалсан иргэд 24 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс онцолж байна. Мөн шинэчлэгдсэн стандартаар Нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэр дээр хар өнгөөр, эко буюу цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэлд ногоон дэвсгэр дээр цагаан өнгөөр, технологийн буюу тусгай замын тээврийн хэрэгсэлд хар дэвсгэр дээр цагаан өнгөөр, дипломат буюу ДК дугаар улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр, бусад төрлийн тээврийн хэрэгсэлд цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичигдсэн төмөр дугаар олгогдохоор тусгагджээ.
Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх төлбөр, тэмдэгтийн хураамжид өөрчлөлт ороогүй бөгөөд улсын дугаар олгох программ нь 14 хоногийн давтамжтайгаар автоматаар шинэчлэгдэж, дугаарын нөөц бүрдүүлэлт үүсэх аж.



