Жилээс жилд цар хүрээ нь улам өргөжсөөр байгаа "Армейские игры" олон улсын цэргийн наадамд манай улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож ирсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуйгийн санаачлагаар зохион байгуулагддаг уг наадамд "Аравт" морин цэргийн уралдаан, "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг", " Хээрийн гал тогоо", "Инженерийн томьёолол" гэсэн 5 төрөлд оролцохоор бэлтгэлээ базаан ОХУ, Беларусь зэрэг улсыг зориход бэлэн болоод байна. Түүнчлэн манай орон уралдааны гурван төрлийн тэмцээнд ажиглагч нарыг илгээхээр болсон.

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч гененрал Р.Сүхбат тэмцээнд оролцох нийт бүрэлдэхүүнийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзаж, “Юун түрүүнд аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж, заагдсан дүрэм журам, зааврууд дээрээ онцгой анхаарал хандуулаарай. Мөн өмнөх жилүүдийнхээ алдаа оноог дэнслэн туршлага сургамж дээрээ тулгуурлан, юу сурч мэдсэнээ дээд хэмжээнд харуулаарай" гэсэн үүрэг даалгаварыг тэдэнд өгсөн юм. "Цэргийн наадам-2019" олон улсын уралдааны бусад 3 төрөлд ажиглагчдаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн офицер дэд хурандаа С.Ганбаяр Казахстан, "Аюулгүй орчин ба химичид" тэмцээний ажиглагчаар ЗХЖШ-ын Ар талын газрын техникийн хангалтын хэлтсийн химийн техникийн мэргэжилтэн хошууч Г.Дүнжингарав БНХАУ-ыг, мөн БНХАУ-д болох "Цэлмэг тэнгэр" тэмцээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын хурандаа Б.Эрдэнэпилээр ахлуулсан гурван цэргийн алба хаагч явахаар томилогджээ.

“Армейские игры" олон улсын цэргийн наадмын хүрээнд явагддаг "Танкийн биатлон" тэмцээнд Зэвсэгт хүчний 9 ангийн 21 тамирчин явах бөгөөд тэдний 80 гаруй хувь нь өнгөрсөн жил уг уралдаанд оролцож байсан нь илүү давуу талтай. "Мэргэн буудагчийн зааг" уралдаан мөн л Беларусь улсад зохиогдоно. Уг бүрэлдэхүүн БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 330, 015, 150, 256, 327, 350, 311 дүгээр ангиудаас бүрдсэн. Мөн "Хээрийн гал тогоо" тэмцээнд Зэвсэгт хүчний 8 ангийн 10 туршлагатай тогооч нар явж байгаа гэдгээрээ онцгойрч байгаа юм.
![]()
"Инженерийн томьёолол" тэмцээнд манай баг тамирчид энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд тэмцээн ОХУ-ын Тюмен хотноо болно. Тэмцээнд Зэвсэгт хүчний 4 анги салбарын 21 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангасан бөгөөд "Инженерийн формул" тэмцээн нь 6 төрлийн нэгж техниктэйгээр буухиа хэлбэрээр уралдана. Тэмцээнд оролцож буй тамирчид төрөл тус бүрийнхээ уралдаан тэмцээнээс ихээхэн турлшлага хуримтлуулж ирдэг. "Та бүхний мэдэж сурсан бүхэн цаашид анги байгууллага хийгээд Зэвсэгт хүчинд сургалтын томоохон бааз суурь болох учиртай" гэдгийг ЗХЖШ-ын удирдлага баг тамирчиддаа тэмдэглэн хэлээд амжилт хүсэн баг тамирчдаа үдэн гаргалаа.
ЗХЖШ



