Аливаа юм тартаг руугаа ойртох тусам далд байсан муу муухай бүхэн гадагшлан ил гарч ирдэг. Хүмүүсийн харилцаан дээр ч далд хадгалагдан явсан үл нийцэл, дотроо бие биенээ зөвшөөрч чаддаггүй атаа хорсол, алив муухай чанарууд нь гадагш тэсрэн гарч ирж, дотоод үнэн төрх ил болдог шүү дээ. Энэ бүхний эцэст харилцаа ч цэвэршин чөлөөлөгдөж, баглаж хүлж байсан хүлээсээс ангижрах сайны үртэй байх нь сонин.
Энэ бол хамгийн муу муухай, хүнд үеэ өнгөрөөсний дараа байдал үргэлж сайжрах боломжууд руу эргэдэг гэсэн энгийн логик. Улс орон ч ялгаагүй.
Бидний байдал муудаад удлаа. Одоо яаж сайжруулах арга замаа хайцгаан бужигналдаж байна. Яагаад гэвэл бидэнд үргэлж ийм муу байх эрх байхгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрууд маань дандаа гал унтраах буюу түр аргацаах арга замуудыг сонгож иржээ. Одоо цаашид аргалаад яваад байх боломжгүй болсон гэдгээ ойлгох хэрэгтэй байна.
Бидэнд бензин байхгүй байна. Байдаг болгохын төлөө аль 35 жилийн өмнөөс ажиллах ёстой байв. Гэвч тэгээгүй. Бид ганцхан улс төрөөр л наадаж, тэрэндээ ард түмнээ татан оролцуулж, “саарал ордон” гэх ганц театрын үзэгчид нь байж ирэв. Энэ байдал маань орчин цагийн монгол орныг аж үйлдвэргүй, хөгжилгүй, хүн ард нь ажилгүй улс болгон хувиргажээ.
Хэдхэн жилийн өмнөөс л гаднаас зээл авч эхлүүлсэн газрын тосны ганц үйлдвэр маань ашиглалтад орох яагаа ч үгүй явж байна. Одоо бид яах ёстой вэ. Амьдрал үргэлжилнэ. Ахиад дараагийн төслөө бодох, эхлүүлэх арга замуудыг хайх хэрэгтэй бус уу.
Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд яг одоо дараагийн хоёр дахь, гурав дахь төслүүдээ бодох цаг байтал манай хип хоп Засгийн газар нэг ч том төсөл эхлүүлэхгүй гэдгээ улаан цайм зарлаж, уул овоо тахин, найр наадам зарлан улам мунхаруулах бодлогоор биднийг угааж байна.
Үнэндээ манай төрд боддог биш чалчдаг улстөрчид битүү шигжээ. Бодлогын хүмүүс гарч ирдэггүй. Бид тэднийг сонирхдоггүй. Сонсдоггүй. Сонгодоггүй. Бид улсынхаа хамгийн худалч, хамгийн ичгүүргүй алиалагчдыг сонгодог.
Бидэнд баялаг байна. Гэвч бодлого байхгүй байна. Бодлогын залгамжгүй засаглалыг бодлоготой гэж хэлэх үндэслэл байхгүй юм. Одоо энэ хэвээрээ урагшлах боломжгүй боллоо. Яах ёстой вэ гэдгээ бодож боловсруулах, хөгжлийн шийдлүүдээ зарлах, түүнийгээ хамгаалан авч явах чадамж бүхий Төр засаг хэрэгтэй байна. Эх орондоо элэгтэй удирдагчид үгүйлэгдэж байна.
Юм хийж байгаагаа алагчлалгүйгээр, ав хомрогогүйгээр дэмждэг, хөрөнгө оруулагчдаа одонгоор биш бодит хөшүүргээр тэтгэдэг ухаалаг Төр хэрэгтэй байна. Цаанаа эзэдтэй цахим троллуудын аясаар ханарч байдаг сул дорой засаг энэ улсад хэрэггүй. Тиймээс, ирэх хаврын ерөнхийлөгчийн сонгуулиас өөрчлөлтөө эхэлцгээе. Улс төржсөн, улс төрөөс өөр сэдэв гаргаж тавьдаггүй, монголдоо, монгол хүндээ найддаггүй улс төрийн хүчнээс татгалзцгаая.
Монголын заяандаа итгэдэггүй байж “Монгол хүний заяаг дуудаж” попордог улстөрчдийг явуулцгаая. Өнөөдөр бид дотоод биш гадаад хүчин зүйлд илүү найддаг нөхдүүд намтөрийн толгойд байвал улс орны бодлого яаж хэлтийдэг гэдгийг яс махандаа тултал мэдэрч байна. Ингэж бичлээгээд хэн тоох юм гэж зарим хүйтэн сэтгэлтнүүд бодож байгаа байх. Гэхдээ ийм байхаас бид залхаж байна. Тиймээс одоо хамаг хүчээ дайчлан өөрчлөхөөс өөр гарцалга. Ирээдүй үеэ ийм улс оронд амьдруулахгүйн төлөө зүтгэхээс өөр зам байхгүй. Өнөөдөр бид улс орон даяараа шатахуун түгээх газруудаа бүчин шавааралдаад, хоорондоо зодолдож байна.
Төрсөн сумын маань жижигхэн колонкийн түгээгч ах Наранбаатарын хэлснээр энэ улс оронд “дайн” болж байна. Тийм ээ, түүний үг үнэн. Орос–Украины дайн манайд шатахууны хараат байдлаар дамжаад нэгэнт ороод ирчихлээ. Хэчнээн худал хуурмагаар олон түмнийг сатааруулавч цаашид юмны үнэ улам өсөж, бидний амьдрал хүндэрнэ гэдэг тодорхой боллоо.
Энэ дайн лавтайяа 2026 оныг дуустал үргэлжлэхээр харагдаж байна. Одоо тэдний гол талбар нефть болчихоод байна шүү дээ. Орос өөрөө Беларусь, Казахстанаас түлш авч эхэлсэн.
Цаашид манайд ямх ямхаар шатахууны үнэ шаталж өснө. Баригдаж байгаа газрын тосны үйлдвэр маань ирэх жил ашиглалтад орохгүй. Тийм болохоор бензинээр дамжин орж ирсэн дайны сүүдэр монголчуудын амьдралд гүн гүнзгий дарамт болон сууж авна. Одоо энэ хэмнэл нэгэнт эхэлсэн. Зугтах газар байхгүй. Гэтэл манай Засгийн газар ард түмнээ манартал нь наадамдуулж, татвар төлөгчдийн мөнгөөр улс даяар фестивалиуд зохион байгуулан дэвхцүүлж, нийтээр нь гөлөмцүүлэх бодлого явуулсаар зуныг барж байна.
Бид хэрсүү чанараа хэсэг бусгаараа алдан хөлчүүрэлд автаж, улс орноо гэх үндсэн дархлаагаа аажим аажмаар алдсаар энэ хүрлээ. Бидний хамгийн гол гуниг үүнд л оршиж байна. Биднийг бие биедээ хайргүй болгов. Бие биедээ итгэдэггүй болгов. Хайр, итгэл хоёроо алдсан ард түмэн яаж нэг нэгнээ тасар татаж иддэг гэдгийг одоо бид амсаж явна.
Энэ дампуу байдлаас гарах эхний алхам бол бид ирэх жилийн сонгуулиас эхлэн сонголтоо чанаржуулах явдал юм. Энэ улс орныг бодлогын хүмүүс авч явах болохоос энд тэндэхийн эрээвэр хураавар галзуучууд авч явахгүйгэдгийг харлаа, үзлээ...
Потенциалгүй засаглалын хямрал бүх түвшинд нүүрлэчихлээ шүү дээ. Зунжин очиж талхалсан сум, орон нутгуудаа л эргэж нэг хараад үзээрэй...
Нийтлэлийн эхэнд дурьдсан санаагаа ахин давтаж хэлье.
Сүйрэл эсвэл туйлдалтын цэг дээр бүх муу муухай ил гарч, систем хууран мэхлэлтгүйгээр "нүцгэн үнэн"-тэйгээ нүүр тулдаг нь нийгэм, эдийн засгийн гүн хямралын үндсэн шинж нь юм.
Мөн хэлсэнчлэн, биднийг хууран мэхэлж ирсэн аргацаах арга замууд шавхагдаж, улс орон "тартагтаа тулсан" энэ мөч хэдийгээр хамгийн хүнд, хохиролтой үе боловч нөгөө талаар хуучин тогтолцоог нурааж, шинэ суурийг зөв тавих хамгийн том боломж (Crisis is an opportunity) болгож хувиргахын төлөө зүтгэцгээх цаг мөнөөс мөн. Монгол улс сүүлийн 35 жилийн турш аж үйлдвэржилт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо орхигдуулж, зөвхөн улс төр, уул уурхайн түүхий эдийн экспортоос хамааралтай явсаар өнөөдөр эрчим хүч, шатахууны гүн хараат байдалд орсон нь үнэн. Одоогийн нөхцөл байдлыг өөрчилж, дараагийн шатны хөгжлийг эхлүүлэхийн тулд ухаалаг өөрчлөлтүүдийг хийх шаардлага нэгэнт ирээд байна. Хамгийн эхлээд сонголтоо чанаржуулъя. Бидэнд яарах шаардлага байна. Учир нь цаг минутаар хурдлан давхиж буй технологийн хурд биднийг хүлээхгүй.
Одоо...
Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг эрчим хүч, шатахууны төслүүдийг улс төрөөс хамааралгүйгээр шуурхай дуусгах шаардлагатай байна. Хил холболтын төмөр замууд болон ачаа тээврийн хуурай боомтуудыг барьж, экспортын гарцыг олон сувагтай болгох шаардлагатай байна. Түүхий эдээ (арьс шир, ноолуур, мах) зүгээр гаргах биш, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн болгох цогцолбор паркуудыг бодитоор ажиллуулах шаардлагатай байна. Газар зүйн хараат бус байдлыг даван туулах чадвартай мэдээллийн технологи, дижитал эдийн засгийг хууль эрх зүй, татвараар дэмжин босгож ирэх шаардлагатай байна. Засгийн газар солигдох бүрд төрийн бодлого өөрчлөгддөг ул суургүй байдлыг таслан зогсоож, 15-20 жилийн урт хугацааны тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг хуульчлах шаардлагатай байна. Хэрэглээг дэмжсэн импортын худалдаанаас илүүтэйгээр дотооддоо нэмүү өртөг шингээж буй үйлдвэрлэгчдэд маш бага хүүтэй, урт хугацаатай зээл, татварын хөнгөлөлт үзүүлэхшаардлагатай байна. Эцэст нь, сонгуулиар бэлэн мөнгө, халамж амласан улстөрчдийг биш, наашаа нахилзаж гарч ирээд бидэн рүү бөгсөө харуулдаг зуйгуул нохдыг биш, аж үйлдвэр, дэд бүтэц, ажлын байр амлаж буй бодлогын хүмүүсийг гаргаж ирэх шаардлагатай байна. Нийгмээрээ хуульч, эдийн засагч, сэтгүүлч болох биш, ирээдүйн үйлдвэрүүдийг авч явах инженер, техникийн нарийн мэргэжлүүдийн орон зайг үнэ цэнтэй болгох бодлогыг хийж хийж чадах мэргэшсэн улстөрчдийг гаргаж ирэх шаардлагатай байна.
Мөн бид өөрсдөө ажил хийдэг, хөдөлмөрлөдөг ард түмэн баймаар байна.
Б.Ганчимэг /baabar.mn/



