Дорнод аймгийн ЗДТГ алба хаагчдынхаа дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдааныг зохион байгуулж байна.
Уралдааныг бүтээлч гэрийн даалгавар болон багийн гүйцэтгэлийн төрлүүдээр буюу үндэсний бичгээр бичсэн эхийг өгөгдсөн хугацаанд уншиж кирилл бичигт хөрвүүлэх, кирилл бичгээр бичсэн оноосон нэрийг үндэсний бичигт хөрвүүлэх, үндэсний бичгээр бичсэн үгийг уншиж утгачлах болон үйл хөдлөлөөр тайлбарлах, сугалсан үгсийн галигийг зөв үсэглэн дуудах зэрэг даалгаврыг гүйцэтгэж байгаа юм. Тэмцээнд найман багийн 32 албан хаагч оролцож, мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөж байна.
ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс эх хэл, бичиг соёлын өвийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлоороо бахархах, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх зорилготойгоор тус уралдааныг санаачилжээ.
Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд Монгол бичгийн 90 гаруй багш бий. Багш бүр тухайн сум, орон нутагтаа үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол бичгээ суръя” төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд жил бүр төрийн албан хаагчдад сургалт хийж, цахим орчин дахь нөлөөллийн ажлыг СӨБ-ын болон ЕБС-ийн монгол хэлний багш нартай хамтарч зохион байгуулдаг.



