Аймгийн Засаг даргын Тамгын газрын (ЗДТГ) ажилтан, албан хаагчид эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор өглөөний дасгал болон эрүүл мэндийн сургалтад нэгдлээ.
Тус үйл ажиллагаа нь “Жижиг алхмаас том алхам руу” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд албан хаагчдад өдөр тутмын амьдралдаа "1 хувийн зарчим"-ыг хэрхэн хэрэгжүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, зөв зохистой хооллолтыг хэвшүүлэх талаар цогц ойлголт олгосон байна. Ихэвчлэн суугаа байдалд ажилладаг төрийн албан хаагчдын хувьд энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндээ хамгаалах, эрч хүчээ сэлбэх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Сургалт болон өглөөний дасгалыг Дархан-Уул аймгийн Бодибилдингийн холбооны тэргүүн О.Баттулга удирдан явуулав. Тэрээр оролцогчдод ажлын байрандаа болон чөлөөт цагаараа хийх боломжтой энгийн хэрнээ үр дүнтэй дасгалуудыг биечлэн зааж, хооллолтын зөв дэглэмийн талаар үнэтэй зөвлөгөө өглөө.
Үйл ажиллагааны төгсгөлд сургагч багш О.Баттулга:
"Өдөр бүр 1 хувиар сайжир, жижиг алхмууд том өөрчлөлт рүү хөтөлнө" хэмээн онцолж, хүн бүрийг эрүүл мэнд, амьдралын чанартаа өдөр бүр бага багаар, тууштай анхаарал хандуулахыг уриаллаа.



