АНУ-ын Миннесота муж улсын Сент-Пол хотноо болсон залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Шведийн шигшээ баг Чехийн багийг 4:2-оор хожлоо.
Шведийн багаас Каспер Юствора-Карлссон (15 дахь минут), Виктор Эклунд (30), Саша Бумедьенн (44), Ивар Стенберг (60) нар шайб оруулсан бол өрсөлдөгч багаас Адам Иржичек, Матей Кубеса (60) нар гоол хийжээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг Финландын багийг 6:3 харьцаагаар илүүрхсэн байна. Тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн (20) Канадын баг гурав дахь удаагаа дараалан финалд шалгарч чадсангүй.
Тус тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 18 настай Чехийн довтлогч Войтех Чихар тодорчээ. Тэрбээр багийнхаа шилдэг довтлогч болж, 12 оноо (4 гоол + 8 дамжуулалт) авсан байна. Шилдэг хаалгачаар Шведийн Лав Харенстам, шилдэг хамгаалагчаар Чехийн Адам Иржичек, шилдэг довтлогчоор швед тоглогч Антон Фронделл нар шалгарлаа. Харин Канадын хоккейчин Майкл Хейж 15 оноо (2 гоол + 13 дамжуулалт) авснаар тэмцээний шилдэг довтлогч болсон байна.
Ийнхүү Шведийн шигшээ баг гурав дахь удаагаа залуучуудын хоккейн ДАШТ-д аваргаллаа. Өмнө нь шведүүд 1981, 2012 онд түрүүлж, 12 удаа мөнгөн медаль, 8 удаа хүрэл медаль хүртэж байв. Чехийн баг хоёр удаа аваргалж, хоёр удаа мөнгө, гурван удаа хүрэл медаль хүртсэн байна.
Эх сурвалж: TASS



