Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Н.Мадурог баривчлан авчирсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Флорида дахь эдлэндээ хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр мэдэгдэхдээ, Венесуэлийн эвдэрч сүйдсэн эрчим хүчний дэд бүтцийг сэргээн босгоход Америкийн нефтийн компаниуд олон тэрбум доллар зарцуулна гэсэн байна.
Гэхдээ тэрбээр олон асуултад хариулт өгсөнгүй. Тухайлбал, Венесуэлд засгийн эрхийг шилжүүлэн өгөх үйл явц хэрхэн явагдах вэ, АНУ хэнтэй хамтран ажиллах вэ, ямар нөхцлөөр Америкийн компаниуд Венесуэлд буцаж ирэх вэ, олон жилийн хориг, тааруухан менежментийн улмаас хуучирч муудсан дэд бүтцийг сэргээн босгоход АНУ хөрөнгө орууллаа гэхэд Венесуэлийн нефтиэс хэр ашиг хүртэх вэ гэх мэт.
Венесуэлийн засгийн эрхийг шилжүүлэх үйл явцыг дэмжихийн тулд Америкийн цэргийг тус улсад илгээнэ гэж Трамп мэдэгдээгүй боловч нефтийн дэд бүтцийг хамгаалж, шинэчлэхэд тусална гэдгээ амласан юм. Гэхдээ Венесуэлийн улстөрчид, эрх баригчдаас хэнд нь тэрбээр найдаж буй нь тодорхойгүй байна.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газрын мэдээллээр, Венесуэл улс газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд 303 тэрбум баррелийн нөөцтэй ажээ. Энэ нь дэлхий дээрх нийт нөөцийн 20 хувь юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Венесуэлийн дэд бүтцийг сэргээн босгоход олон жилийн хугацаа шаардлагатай. Үүний зэрэгцээ нефтийн үнэ хямд байгаа нь хөрөнгө оруулалтыг сааруулах нэгэн хүчин зүйл болж байна. Д.Трампын хувьд, тэрбээр амьдралын өртөг ба инфляцыг тогтоон барихын тулд нефть, бензиний үнийг хямд байлгахыг эрмэлздэг хүн билээ. Тэгээд ч өнгөрсөн 2025 онд сүүлийн таван жилийн хугацаан дахь нефтийн үнийн хамгийн том уналт боллоо.
Венесуэлийн талаарх Трампын төлөвлөгөө нь эрчим хүчний салбар дахь АНУ-ын давамгайллыг хангахад чиглэсэн нь тодорхой бөгөөд үүний дүнд Америкийн компаниуд дотооддоо рекорд тогтоохоор хэмжээний нефть олборлох төдийгүй дэлхийн зах зээлд нөлөөлж чадах болно.
Үүний тулд, хэдэн арван жилийн турш менежмент нь тааруухан байсан, авлигад идэгдсэн, хөрөнгө оруулалтаар гачигдаж буй Венесуэлийн нефть олборлох салбарыг сэргээхийн тулд, тухайлбал, цооногууд, цахилгаан ба усан хангамжийн систем, экспортын дэд бүтцийг шинэчлэхийн тулд Америкийн компаниуд олон тэрбумын зардал гаргах хэрэгтэй болно. Жишээ дурдахад, Венесуэлийн төрийн мэдлийн нефть-хийн PDVSA компанийн дамжуулах хоолойнуудыг сүүлийн 50 жилд шинэчлээгүй тул олборлолтыг оргил түвшинд нь дахин хүргэхийн тулд дэд бүтцийн шинэчлэлд 58 тэрбум доллар шаардлагатай. Үүний дээр хэдэн сая венесуэлчүүд, тэдний дотор нефтийн салбарын олон мянган мэргэшсэн ажилчид улс орноосоо дүрвэн гарч, АНУ, Ойрх Дорнод, Европын компаниудад ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
Газар тосны салбарын аваргууд
Үүний сацуу Exxon Mobil Corp, Chevron Corp, ConocoPhillips зэрэг нефть олборлогч аварга том компаниуд “түр засгийн газартай, хууль эрхзүй, санхүүгийн дүрэм журам нь тодорхойгүй байгаа” улсад их хэмжээний мөнгө оруулах эсэх нь эргэлзээтэй.
Chevron бол Венесуэлд олборлолт, боловсруулалт хийж буй Америкийн цорын ганц компани бөгөөд цаашид хууль дүрмийн дагуу ажиллана гэдгээ мэдэгдсэн боловч өргөжин тэлэх тухайд ямар ч тайлбар хийсэнгүй. Гэхдээ Венесуэлийн нефтийн 20 хувийг олборлож буй тус компанийн хувьд яг өнөөдөр бусадтай харьцуулахад илүү ашигтай нөхцөл бүрдээд байна.
Харин Exxon болон ConocoPhillips хоёр Венесуэлд ажиллаж байсан туршлагатай боловч активыг нь 2000-аад оны дундуур Мадурогийн өмнөх ерөнхийлөгч Уго Чавес нийгэмчлэн хураасны дараа тус улсаас гарч явсан юм. Саяхан Exxon мэдэгдэхдээ, тохиромжтой нөхцөл бүрдсэн тохиолдолд л хөрөнгө оруулах боломжийг судалж үзнэ гэсэн байна.
Гэхдээ ойрын жилүүдэд нефтийн үнэ өсөж, Венесуэлд байдал тогтворжиж, эдийн засаг нь сэргэх аваас хөндлөнгөөс ажиглаж буй бусад компаниуд ч гэсэн тус улсад нэвтрэх боломжийг эрэлхийлж эхлэх ба тэдэнд концессийн гэрээг санал болгож магадгүй.
Харин хөрөнгө оруулалтын цар хүрээг төсөөлөх аваас гадаадынхан Венесуэлийн зах зээлд нэвтрэх гэж яарах нь юу л бол. Учир нь, одоогийн олборлолтын түвшнийг 2040 он хүртэл хадгалахад 65 тэрбум доллар, өдөрт олборлох хэмжээг 2 сая баррельд хүргэхийн тулд 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн эрчим хүчний зөвлөх үйлчилгээний Rystad компанийн шинжээч Шрайнер Паркер ярьж байна.
Нийлүүлэлтийн тодорхойгүй байдал
Венесуэлээс нефть тээвэрлэж буй хөлөг онгоцуудыг Америкийн эрх баригчид 12 дугаар сарын дунд үеэс саатуулж эхэлсэн тул одоо Венесуэлийн нефтийн нийлүүлэлт хэрхэх вэ гэдгийг зах зээлд оролцогчид анхааралтай ажиглаж байна. Харин “нефтийн бүслэлт” үргэлжилнэ гэдгийг Трамп мэдэгдлээ. Гэхдээ юутай ч АНУ-ын дэмжлэгийг хүлээсэн шинэ засгийн газар Венесуэлийн нефтийн салбарыг XX зууны дунд үеийн түвшинд хүргэн сэргээгээсэй гэж Трамп хүсэж буй нь тодорхой байна. Тухайн үед Венесуэл улс дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд ОПЕК-ийг үндэслэгчдийн нэг байсан билээ.
Венесуэлийг нефтийг зарснаас олсон орлогыг АНУ-ын засгийн газрын зардлыг нөхөх, үйл ажиллагаа нь алдагдсан болон актив хөрөнгөө хураалгасан нефтийн компаниудад нөхөн төлбөр олгоход зарцуулахаар Трамп төлөвлөсөн бололтой. Тэрбээр венесуэлчүүдэд ч мөн адил “анхаарал халамж” тавина гэдгээ амлалаа.
Хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг ажигладаг Kpler компанийн хийсэн тооцоогоор, одоогийн байдлаар Венесуэл улс өдөрт 800 мянган нефть олборлож байгаа нь дэлхий даяарх олборлолтын 1 хувьд ч хүрэхгүй байна. Хоригийг цуцалсан тохиолдолд энэ хэмжээ 150 мянган баррелиар нэмэгдэх боловч өдөрт 2 сая баррель гэсэн түвшинд дахин хүрэхийн тулд өргөн хүрээтэй шинэчлэл хийж, асар их хөрөнгө оруулах шаардлагатай.
Үүний сацуу бусад улсын актив хөрөнгийн асуудал ч бий. Тухайлбал, Испанийн Repsol, Италийн Eni SpA, Францын Maurel et Prom SA компаниуд Венесуэлд ажилласаар байгаа бөгөөд нефть-хийн төслийг Венесуэлийн төрийн өмчийн Petroleos de Venezuela SA компанитай хамтран хэрэгжүүлж байна. Мөн Хятадын компаниуд тус улсын эрчим хүч, харилцаа холбооны салбарт багагүй хөрөнгө оруулсан тул тэдгээрийн эрх ашгийг үл тоомсорлох нь урьдчилан таамаглахын аргагүй үр дагаварт хүргэнэ гэж Оксфордын эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн Хятадын эрчим хүчний хөтөлбөрийн захирал Михал Мейдан үзэж байна.
Венесуэлийн боломж
Венесуэлийн нефть бол хүнд, хүхэрлэг нефть бөгөөд түүнийг боловсруулахад тусгай тоног төхөөрөмж шаардлагатайгаас гадна ажилчид ур чадвар сайтай байх ёстой.
Дэлхийн хамгийн том олборлогч болох АНУ үндсэндээ хөнгөн нефть олборлодог бөгөөд түүнээс зөвхөн бензин гарган авдаг. Харин Венесуэлийн хүнд хүхэрлэг нефтийг боловсруулах явцад дизель түлш, асфальт, үйлдвэрлэлийн хэрэгцээний түлшийг гарган авдаг байна. Гэтэл өнөөдөр Венесуэлийн нефтэнд тавьсан хоригийн улмаас дэлхий даяараа дизелийн хомсдолд ороод байгаа билээ.
Тэгэхээр Венесуэлийн нефть дэлхийн зах зээлд дахин гарч ирэх нь АНУ-д ашигтай. Учир нь, Венесуэл улс АНУ-тай газарзүйн хувьд ойрхон бөгөөд нефть нь харьцангуй хямд. Түүнээс гадна Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн ихэнхийг нь Венесуэлийн нефтийг боловсруулахаар тоноглосон тул одоогийнхоос илүү үр дүнтэй /Америкийн нефтийг боловсруулахтай харьцуулахад/ ажиллах боломжтой.
Эх сурвалж: ВВС



