x

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө

Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар даваа гарагт тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-д амьдарч буй бичиг баримтгүй олон сая цагаач иргэнийг эх орон руу нь албадан буцаах зэрэг бодлогын томоохон өөрчлөлтүүдийг яаралтай хийхээ амлав.

Тангараг өргөсний дараа хагас цаг орчмын турш хэлсэн үгэндээ Д.Трамп “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна” хэмээн онцлон дурдлаа. “Энэ мөчөөс эхлэн Америкийн уналт дууслаа. Бид улс орноо ялалт, амжилтын шинэ өндөрлөгт хүргэнэ. Бидэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй. Бид бууж өгөхгүй. Бид бүтэлгүйтэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

“Улс үндэстний амжилтын шинэ эрин үе эхэлж байна гэдэгт итгэлтэй, өөдрөг бодолтойгоор би ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирж байна. Өөрчлөлтийн түрлэг улс орныг хамарч байна" гэж Д.Трамп Капитолын ордны Дугуй танхимд цугларсан 600 орчим хүн болон улс орон даяар телевизээр үзэж буй олон сая үзэгчид хандан хэлжээ.

“Бид түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлийн эр зориг, эрч хүчтэйгээр дахин ажиллах цаг болсон гэдгийг би өнөөдөр америкчуудад хандаж хэлмээр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.

Өдгөө 78 настай Д.Трамп тус улсын 45 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд дараалан биш хэдий ч хоёр удаа сонгогдсон түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Гровер Кливленд 1890-ээд онд хоёр удаа сонгогдож байжээ. Д.Трамп тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд дөрвөн жил ажилласны дараа албан тушаалаа орхилоо.

Д.Трамп хэлсэн үгэндээ Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн дэд Ерөнхийлөгч асан Камала Харрисыг ялахдаа улс төрийн тулааны талбар болсон долоон муж улсад бүгдэд нь илүүрхсэн гэдгээ дурдаж, 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтуудаа даруй биелүүлэхээ амласан байна.

Мөн Д.Трамп АНУ руу нэвтрэхийг эрмэлзэж буй олон мянган цагаачийн урсгалыг зогсоохын тулд “үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж”, Мексиктэй хиллэдэг АНУ-ын баруун өмнөд хэсгийн хилийг хаана гэж мэдэгдлээ. Тэдний ихэнх нь Төв Америкийн орнууд болон бусад газар ядуурал, гэмт хэрэг, ажилгүйдлээс зугтахыг эрмэлзэж байгааг тэрбээр дурдсан байна.

Шинэ Ерөнхийлөгч АНУ-д орогнол хүсэж буй цагаачдад зориулан “Мексикт үлдэх” бодлогыг хэрэгжүүлж, бусад цагаачийг орогнол хүссэн шийдвэрээ хүлээж байх хооронд АНУ-д амьдруулах бодлогыг зогсооно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Мексикийн мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийг “гадаадын террористууд” хэмээн зарлана гэсэн байна.

Үүнээс гадна, Д.Трамп цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Ж.Байдены бодлогыг зогсоохын сацуу АНУ-ын худалдааны бодлогыг шинэчилж, худалдааны гол түншүүдэд шинээр татвар ногдуулна гэж мэдэгджээ.

Дөрвөн жилийн өмнө тангараг өргөх үедээ таван сараар залуу байсан Ж.Байденыг ардаа орхисон Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хамгийн өндөр настай хүн болж байна. Харин Охайо муж улсаас сонгогдсон АНУ-ын сенатч, 40 настай Ж.Д.Вэнс 50 дахь дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр түүхэнд гуравт бичигдэх залуу дэд Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ардчилсан орны жишгийн бэлгэ тэмдэг болсон АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Капитолын ордны гадна болдог уламжлалтай. Гэтэл Вашингтонд хүйтэрсэн тул Д.Трамп хэдэн өдрийн өмнө ёслолыг Дугуй танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тангараг өргөх ёслолд оролцсон хүмүүсийн дунд Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Tesla-гийн гүйцэтгэх захирал, X нийгмийн сүлжээний эзэн Илон Маск зэрэг Америкийн хэд хэдэн тэрбумтан, мөн TikTok-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чоу нар байлаа.

Мөн БНХАУ-ын дэд дарга Хань Жэн, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа зэрэг гадаадын нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн иржээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар ёслолд оролцов.

Д.Трамп нэн даруй АНУ-ын бодлогуудыг өөрчилж, Ж.Байдены зарлигуудыг цуцалж, өөрийнхийгөө хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр албан тушаалдаа орсон даруйдаа эсвэл энэ долоо хоногийн сүүлчээр зарим зарлигт гарын үсэг зурж магадгүй байна.

Мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайран орсон 1500 гаруй дэмжигчийнхээ ихэнхийг нь өршөөнө гэж амласан боловч уг шийдвэр ямар хүрээг хамрахыг хэлээгүй байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ энэ талаар дурдсангүй. Цаг агаарын улмаас Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар болжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 30 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 55 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 9 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 12 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 15 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 33 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 18 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 19 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 30 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 59 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top