x

Замын Цагдаагийн уулзварын дөрвөн эгнээ, 477 мерт гүүрэн гарцыг нээлээ

Гэрэл зургийг МОНЦАМЭ

Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Нийт 42.38 сая ам.доллар төсөвт өртөг бүхий төслийн ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо” групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллажээ.

Гүүрэн гарцын байгууламж нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гүүр, нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрдэж байна.

Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 25-нд нээх юм. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна. 

Хотын Засаг дарга С.Амарсайхан энэ тухай "БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр Яармагийн олон түвшний огтлолцол, Баянзүрх дүүргийн дөрвөн эгнээ гүүр, Сонсголонгийн дөрвөн эгнээ гүүр, Замын цагдаагийн ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих болон Налайхын чиглэлийн 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 26.7 км авто зам, 3 км гаруй гүүрэн байгууламжийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” гэв.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэхүү уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах ач холбогдолтой юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top