x

С.Даваасүрэн: Манай улс “Саарал” жагсаалтад орохгүй гэж бодож байна

Санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болоод шийдлийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.

 

-Салбар бүрт л финтек буюу технологид суурилсан үйлчилгээний тухай ярьж байна. Санхүүгийн зах зээлийн хувьд энэ үйлчилгээг яаж нэвтрүүлэх нь зөв бэ? 

-Финтек буюу технологийн салбарын дэвшлийг дэлхий нийтээр, ялангуяа хөгжиж буй улс ядуурлын түвшингээ бууруулах, тэгш бус байдлыг багасгах, орлогыг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн 30, 40 жил хайсан эрэл хайгуулын үр дүнд олсон.

Технологид суурилсан үйлчилгээний хамгийн тод илрэл нь санхүүгийн салбарт харагдаж байна. Бид дэлхий нийтийн чиг хандлага, тулгарч байгаа бодит нөхцөл байдлаас тойрч гарах боломжгүй шүү дээ. Ингэснээр хэрэглэгчид хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирч, зардал буурах, тэр хэмжээгээр үйлчилгээ шуурхай болж, хэрэгцээ шаардлагатай зүйлийг нь хэрэгцээтэй хүнд өгдөг болно.

Нөгөө талаар цахим аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр зардал өснө. Улмаар хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, эрх ашгийн тухай асуудал нь зохицуулагч байгууллагуудын өмнө тулгарч байгаа томоохон сорилт юм.

-Энэ сарын 12-15-нд ФАТФ буюу олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал” жагсаалтад Монгол Улсыг оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Таны бодлоор бид саарал жагсаалтад орох уу? 

-Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд анхаарч ажиллалаа. 40 зөвлөмжийн 20 нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай байгууллагын үйл ажиллагаа руу чиглэж байсан.

2018 оны сүүлээс одоог хүртэл тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдэж, холбогдох байгууллагуудтай эрчимтэй хамтарч ажилласан. Хийсэн ажлынхаа үр дүнд харьцангуй эерэг хүлээлттэй байна. Манай улс саарал жагсаалт орохгүй бодож байна.

-“УИД” ХК, “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны асуудал, банк бус санхүүгийн байгууллага ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэт мэдээллүүд танай салбарын эргэн тойронд яригдаж байна. Эдгээрийн шийдэл, үүссэн нөх-цөл байдлын тухайд та ямар байр суурьтай байна вэ? 

-Санхүүгийн салбар өргөжин тэлэхийн хэрээр янз бүрийн залилан, мэхлэлт, хуурах, сэжигтэй гүйлгээ зэрэг үйл явц гардаг. Манай хорооны хувьд ажилчин, албан хаагчид эдгээр үйл явцыг хянаж, шалгахад бүхий л хүчин чадлаа гаргаж ажиллаж байгаа гэдэгт би итгэж байна.

Гэвч энэ явцдаа хүн л юм хойно алдсан эндсэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Салбар өргөжин тэлэхийн хэрээр янз бүрийн асуудал гарч ирнэ гэдэг бол санхүүгийн зах зээлийн шинж чанар юм.

Хяналт, шалгалтыг тогтмол хийж, зөрчлийг илрүүлж, зах зээлийг эрүүлжүүлэх гэж л ажиллаж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд ямар нэг зээлээр дүрмийн сангаас бүрдүүлж болохгүй хэмээн байр сууриа хэлсэн.

-Танайх санхүүгийн зах зээлд итгэх хэрэглэгчийн итгэлийг 2016 оноос эхлэн “Эн Ар Си Си” компаниар судлуулж байгаа. Судалгаан дээр түшиглэн бодлого явуулах нь хэр үр дүнтэй байна вэ?

-2016 оны гуравдугаар улирлаас эхлэн санхүүгийн зах зээл дэх хэрэглэгчийн итгэл ямар байгааг олон улсын стандартын түүвэр судалгааны аргачлалаар судлуулсан. Ингэснээр өнөөдрийн цаг ye, cap, жилийн дараах хэрэглэгчийн хүлээлт, итгэл ямар байгаа дээр тулгуурлан аль салбартаа илүү анхаарах гэх мэт бодлого илүү тодорхой харагддаг. Зах зээл дээрх хөрс сууриа харах нь маш чухал. Аливаа төрийн байгууллагын бодлого сэтгэлийн хөөрлөөр шийдсэн эсвэл өөрийн төсөөллөөрөө сайн гэж бодлоо гээд үр дүнд хүрдэггүй. Төрийн гаргаж байгаа шийдвэр, зохицуулалтын механизм судалгаа, шинжилгээ, тооцоотой байх ёстой. Тэр тооцоо, судалгаа, шинжилгээ нь үнэнд ойртсон аргачлал, арга зүйтэй байх, төрийн зохицуулалт их биш, бага биш зохистой түвшинд байх ёстой.

-Тэгвэл иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд танайхаас юу хийдэг вэ? 

-Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг Монголбанк, Сангийн яам, БСШУСЯ зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Бага наснаас нь буюу сургуульд орохоос нь эхлээд санхүүгийн суурь боловсролыг уг тогтолцоонд нь оруулж өгвөл зүгээр санагддаг. Тэгж байж урт хугацаандаа иргэдийн санхүүгийн боловсрол сайжирна.

-Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо-ны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Дээрх чиглэлүүдээр Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 3,000 орчим байгууллага байна. Анх 1994 онд Үнэт цаасны хороо байгуулагдсанаар Монгол Улсын санхүүгийн зохицуулагч байгууллага үүсээд 25 жил, даатгалын салбар үүссэний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа онцлогтой.

Ойн хүрээнд хийсэн ажлаа дүгнэхэд, өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ 200 хувь буюу хоёр дахин өссөн байна. Тухайлбал, 2016 оны хоёрдугаар улиралд үнэт цаасны зах зээл нэг их наяд гаруй төгрөгийн үнэлгээтэй байсан бол өнөөдөр 2.6 их наяд төгрөгт хүрч өслөө.

Гурван жилийн өмнө даатгалын салбарын зах зээл 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан бол одоо 350 гаруй тэрбум төгрөг болж, банк бус санхүүгийн байгууллага 700 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан бол 1.5 их наяд төгрөгт хүрч өсжээ.

Хадгаламж зээлийн хоршоодын хувьд ч адил хоёр дахин өссөн. Үүний үр дүнд санхүүгийн салбар сэргэж, өсөлтөө тогтвортой хадгалах нөхцөл байдалтай тулгарлаа.

-Бүх салбар хоёр дахин өсөлттэй гэхээр их тоо сонсогдож байна. Ингэж өсөхөд юу нөлөөлсөн бэ. Магадгүй улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой байж болох юм?

-Улсын эдийн засгийн нөхцөл байдал өсөж байгаатай санхүүгийн зах зээлийн өсөлтийг холбож тайлбарлах хүмүүс бий. Гэхдээ манай улсын санхүүгийн салбарын цөм болсон хөрөнгийн зах зээл гэхэд хөрвөх чадвар сул учраас эдийн засгийн өсөлтийг төдийлөн мэдэрдэггүй. Харин хөрвөх чадвар сайн, өсөлттэй зах зээлийн хувьд эдийн засгийн өсөлтөд дэм болж байдаг. Дээрх үзүүлэлт бол зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш гарч байгаагүй өөрчлөлт.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээл сүүлийн гурван жилд жил тутам 30 хувиар өссөн гэсэн үг. Үүнд юу нөлөөлсөн бэ гэхээр 2016 онд банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг өсгөх, чадавхыг сайжруулах, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь мэргэжлийн болгох ажлыг үе шат, төлөвлөгөөтэй эхлүүлсэн юм.

-Таны хэлснээр санхүүгийн салбарт эерэг үзүүлэлтүүд гарчээ. Гэхдээ илүү хөгжүүлэхийн тулд ямар бодлого барьж байна вэ. Тулгардаг бэрхшээлийн хувьд?

-Шаардлага тавихад байгууллагууд биелүүлэхгүй, аль болох сул байхыг эрмэлздэг тал бий. Тиймээс эдгээр байгууллагаас ирэх хандлага, үзүүлэх нөлөөг тооцож, судалгаа, тооцоонд үндэслэн зохицуулалт хийдэг. Одоо явуулж байгаа бодлого санхүүгийн зах зээлийн бааз суурьтай уялдаа холбоотой. Цаашдаа нийт салбараа зэрэг хөгжүүлэхэд анхаарна.

Тодруулбал, бичил санхүүгийн салбарыг хөгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, финтекийн компаниудын хяналт, шалгалтыг сайжруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах ажлууд тасралтгүй өрнөнө.

40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг жил гаруй хугацаанд ажиллаж, өөрсдөө анх удаа байгууллагынхаа дунд хугацааны стратегийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, 2021 он дуустал хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлчихсон. Сайт дээр нийтэд ил тод байгаа.

Санхүүгийн зах зээл хүчээ аваад эхэлбэл олон нийт болон компаниудын сонирхол төрийн байгууллагын бодлогын түвшинд гарч ирснээр тэр хэмжээгээр зах зээлийн өнгө төрх тодорхойлогдоно. Ингэснээр Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, олон төрлийн бүтээгдэхүүнээс иргэд сонголттойгоор үйлчлүүлэхэд нөлөөлнө. Иргэдийн орлого төрөлжих, компаниудын үйл ажиллагаа тэлэх суваг болох ач холбогдолтой.

ДААТГАЛЫН САЛБАРТ ДАВХАРДСАН ТООГООР 500 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮН БИЙ

-Зах зээлийг өөрийнх нь чиг хандлагаар хөгжүүлэх хэрэгтэй гэж та хэлсэн. Танайхаас зохицуулалт хийдэг салбаруудаа тус тусад нь авч үзвэл хөгжил хаашаа чиглэж байгааг тайлбарлана уу?

-Банк бус санхүүгийн байгууллагууд технологи д суурилсан финтекийг нэвтрүүлж, дүрмийн санг тогтмол нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байна. 2016 онд 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага байсан. Өнөөдөр ч энэ тоо өсөөгүй.

Гэсэн хэдий ч хөрөнгө, зээлийн хэмжээ, зээлдэгчийн тоо өссөн. Зээлийн хүү нэг функтээр буусан. Харин иргэдийн дунд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт бага. Ягаан, цэнхэр тасалбартай холбож бодохоос хэтрэхгүй мэдлэгтэй байсан цаг саяхан. Тиймээс хөрөнгийн зах зээл дээр борлуулдаг бүтээгдэхүүний тоог нэмж, улмаар олон нийтэд санал болгох боломжуудыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан.

Одоо хөрөнгийн зах зээл дээр 300 орчим хувьцаат компани байгаа. Ялангуяа хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг хувьцаат компани болгож, Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байх боломжийг нээж өгөх гэх мэтээр шинэ соёлыг нээж өгсөн юм.

Гурван жилийн хугацаанд 10 гаруй IPO шинээр гарлаа. Санхүүгийн чиглэлийг үл харгалзан компаниуд хувьцаат компани болон өргөжиж, компани дотроо нэгдэж нийлэх шинэлэг үйл явцууд харагдаж байна.

2016 онд хөрөнгийн зах зээлийн арилжааны 90 орчим хувийг зөвхөн Засгийн газрын бонд эзэлж байсан бол одоо нээлттэй хувьцаат компанийн хувьцаа арилжааных нь 90 орчим хувийг эзэлж байна.

17 гаруй тэрбум төгрөг байсан арилжааны хэмжээ 87 тэрбум боллоо. Санхүүгийн зах зээл дээр чанар болон тооны өөрчлөлт гарч, чанд сахилга бат сууж эхэллээ. Түүнчлэн брокер, дилерийн компаниудын дүрмийн санг өсгөх шийдвэр хэрэгжлээ. 

-Хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт хэр байна вэ?

-Нээлттэй хувьцаат компанийн дотоодын хэрэгцээнд суурилж байсан зах зээлд гаднын хувьцаа эзэмшигчид нэвтэрч байгаа. Жишээлбэл, энэ оны хоёрдугаар улиралд гэхэд Солонгосын 100 хувь хөрөнгө оруулалттай үнэт цаасны компани байгуулагдаж, түүнийг дагасан хөрөнгө оруулалтын сан нь долоо хоногт гэхэд 60 тэрбумын хөрөнгө оруулалтыг компаниудад хийх хүчин чадалтай байна.

Ийн анхдагч зах зээл дээр хөгжил бий болж байгаа боловч дунд болон урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд хоёр дахь зах зээл буюу хөрвөх чадварыг нь сайжруулахад анхаарах хэрэгтэй байна.

-Энэ жил даатгалын салбарыг чиглэсэн үйл ажиллагаа түлхүү болж байгаа санагдаж байна. Даатгал иргэдэд хүртээмжтэй хүрч чадаж байна уу?

-Нөөц сан буюу эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох боломж нэмэгдсэн. Даатгалын салбарт ердийн даатгалын 15, амьдралын даатгалын нэг, давхар даатгалын хоёр компани үйл ажиллагаа явуулж байна.

Унаач хүүхдийн, ипотекийн даатгал гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүд гарч байна. Боловсролтой, залуу, хотод суурьшиж байгаа хүмүүс даатгалд хамрагдах сонирхол өсөн нэмэгдэж байна. Өдөр тутмын амьдрал даатгагдсанаар эрсдэл учирсан тохиолдолд хамгийн багаар эрсдэлийг хүлээнэ гэдгийг иргэд ойлгож эхэлж байна. Энэ салбарт давхардсан тоогоор 500 гаруй бүтээгдэхүүн байна.

-Үндсэн санхүүгийн салбар дээр нэмээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг танайх зохицуулдаг болж байгаа юм уу. Манайд энэ салбар хараа хяналтгүй байгаа хэдий ч хөгжиж байгаа учраас зохицуулалт шаардлагатай гэж бодож байна?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн салбарыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцна гэдэг байдлаар л орсон байгаа.

Үндсэндээ үл хөдлөх хөрөнгийн компаниуд дотооддоо л зохицуулалт хийхээс биш албан ёсны төрийн зохицуулалтгүй. Хэрвээ тус салбар албан ёсоор манай хяналтад байна гэвэл нэмэлт хуулийн зохицуулалт хэрэгтэй болно. Өөр асуудал байхгүй.

-Олон салбарыг хамтад нь авч явах туршлага, эмэгтэй хүний хувьд үр хүүхэд, гэр бүлээ халамжлах гэх мэт бүгдийг хамт авч явахад ямар зан чанар тань эергээр нөлөөлж байгаа бол?

-Нэгдүгээрт, хүний мэргэжил нөлөөлдөг байх. Хоёрдугаарт, өөрөөсөө давж бусдын төлөө ажиллах хэрэгтэй. Ялангуяа төрийн алба хашиж байгаа хүнд энэ мэт хүндэтгэл, ёс зүй байх ёстой.

Бусад хүний амьдрал, үйл ажиллагаа нь сайжирч байгаагаас авч байгаа сэтгэл ханамж, хүн өөрөө болоод байгаагаасаа сэтгэл ханамж авах нь ялгаатай. Өөрийнх нь эд хөрөнгө нэмэгдэхэд бус бусад хүмүүсийн байдал сайжирч байгаад авч байгаа сэтгэл ханамж надад хамгийн үнэ цэнтэй. Ингэж ажиллахад зарим хүн ажлын хэнээтэй гэдэг ч миний бодлоор зарчмынхаа дагуу ажиллаж байгаа.

Мөн эмэгтэй хүнд шударгаар хөдөлмөрлөж үр дүн гаргах гэдэг төрөлхийн үнэнч шинж чанар бий гэж би боддог. Төрийн албанд ажиллах нэг онцлогтой. Өнөөдрийн асуудлыг шийдэж чадаагүйн улмаас намайг ажлаас гарахад тухайн асуудал дараагийн үедээ ачаа нь нэмэгдэж, зардал нь өсөж ирдэг. Миний дараа ажиллах хүмүүст ийм асуудал битгий тулгараасай.

Санхүүгийн энэ том зах зээлийн үр дүн хүн бүхэнд мэдрэгдэхүйц байгаасай гэж боддог. Хүүхдүүддээ зарцуулах цаг заваа хумсалж, хүчин чармайлт гаргаж ажилладаг учраас тэр хичээл зүтгэлийн үр дүнг гаргах хэрэгтэй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top