Монгол Улсын төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан" одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын 5 шилдэг бүтээлээс бүрдсэн "Хоёрдугаар симфони" нэртэй алтан пянз Лондон хотноо хэвлэгдэн, сонсогч бидний сонорыг мялаахаар айсуй. Энэхүү пянзны алсан ёсны нээлтийн ажиллагаа энэ сарын 22-ны өдөр болохоор болжээ.
Дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцсон Олон улсын хөгжмийн 3 дугаар Их наадам хуучнаар ЗХУ буюу одоогийн ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж, Монгол улсын нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Хоёрдугаар симфони" анх 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа эгшиглэж байжээ. Энэ симфонийг Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулсан байна.
Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг жишгээр EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн энэхүү алтан пянз 5 бүтээлээс бүрдсэн 300 ширхэг хувилагджээ. Энэ пянзанд "Хоёрдугаар симфони" 1987 он, "Монгол орон бадартугай" 2011 он, "Эхийн сэтгэл шиг" 2018 он, "Зуурдын орон" 1998 он, "Трио" 1980 он бүтээл орсон байна.