x

Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна

Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа нэгдсэн нэг сүлжээнд холбохоор төлөвлөж байна. Энэ асуудлыг хэлэлцэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай “al-Watan” сонин Сири улсын Тээврийн яаман дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

“Одоогийн байдлаар тус гурван улс төмөр замуудаа холбох төслийг сэргээх ажлыг хийж байна” гэж эх сурвалж мэдээлэв. Уг төсөл нь стратегийн төсөл бөгөөд 2011 онд Сирийн хямрал эхлэхээс бүр өмнө эхлүүлсэн боловч зогссон байна.

Эх сурвалжийн хэлснээр, төслийн гол зорилго нь Ирак, Иран улсыг Сирийн боомтуудад нэвтрэх боломжийг хангах, цаашлаад төмөр замын шугамыг Хятад хүртэл сунгах аж.

Сирид хямрал эхлэхээс өмнө төслийн 97 хувийг гүйцэтгэсэн байсан боловч дайны үеэр замуудын ихэнх нь эвдэрч сүйджээ. Иракт мөн хоёр орчим км төмөр зам тавих дутуу байгаа аж. Үүний зэрэгцээгээр Иран болон Иракийн төмөр замуудыг Иракийн Басра хотод холбохоор төлөвлөж байна.

Гурван улсын төмөр замуудыг холбох асуудлаар гурван талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа тухай Иракийн төрийн  мэдлийн төмөр замын компанийн тэргүүн Талиб аль-Хусейн урьд нь улсынхаа хэвлэлүүдэд мэдээлжээ.

montsame.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top