x

Цацсан шагай шиг дэлхийгээр нэг тарсан атгахан монголчууд минь...

Хүүхэлдэйн театрт зохиолч Т.Мягмартогтохын “Замын хүн” жүжгийг МУСТА О.Гэрэлсүх найруулан тавилаа. Гол дүрд найруулсан жүжигчин О.Гэрэлсүх өөрөө, МУСТА Ц.Баясгалан нар тоглосон юм. Бага тайзны бүтээл нарийн чимхлүүр, нандин хэрнээ цомхон болдог. Тийм ч учраас өө сэв, алдаа дутагдал бүрийг анзаарах боломж үзэгчдэд олгодог. Ийм л хүндхэн даалгавар уран бүтээлчдэд нь ирдэг. “Замын хүн” жүжиг хоёрхон жүжигчинтэй, хоёр цаг тоглоно. Үзэхээс гадна сонсох, сонсоод тунгаах боломжийг уг жүжиг олгосон. Онцлог нь хаанаас нь ч ямраар ч өөрийнхөөрөө бодох боломжтой жүжиг. Үзэгчдэд юуг ч тулган хүлээлгээгүй эрх чөлөөтэй бүтээл болж. Үзэгчийг уйдаахгүй, залхаахгүй байлгах нь найруулагчийн мэдрэмж, зохиолын чансаа л мэдэх хэрэг. Уг жүжигт илүү дутуу гэрэл чимэглэл, тайз засал, туслах дүрүүд байхгүй.

“Замын хүн” жүжгийг үзэхийн өмнөхөн үнэндээ айж байлаа. Хоёрхон хүний ярианаас холдохын түүс болох вий дээ гэж. Эсвэл хэт хүнд нүсэр драмууд хүнийг ядраачихдаг. Үгүй бол хөнгөн зуурын зугаа, хором чинээд, чимх нулимс... ингээд л болчихдог. Эцэст нь юу үлддэг вэ? Юу ч үлддэггүй. Орчин үеийн урлагийн жинхэнэ үзэгчээ алдаж, шоу сонирхогчдоор мөнгө хийдэг арга нь үндсэндээ энэ. Үзэгч театраас гутал худалдан авахтай адил ямар нэг сайхан зүйлийг, таашаал, мэдрэмжийг авахаар очдог. Түүнийг гутал шиг л харахгүйгээр, барихгүйгээр өнө удаан “хэрэглэдэг”. Драмын урлаг бол хүн сэтгэлдээ, тархиндаа чанартай бүтээгдэхүүн хэрэглэж буй худалдан авалт юм. Хэн ч нэг удаагийн түр зуурын юманд мөнгө, цагаа үрэхийг хүсдэггүй. Драм бол драм. Драм бол үнэн оршихуй. Үнэн үнэнээрээ л амттай. “Замын хүн” жүжиг бидний туулж өнгөрүүлсэн, одоо ч эвлэж нийлээгүй үнэн байлаа.

Далан жил хоригдсон хашлаганаасаа сад тавьсан хүчтэй урсгалыг даган хилийн дээс гэтэлсэн эргүй эм, эмгүй эрс. Цагийн эргүүлэгт шидэгдэж дэлхийгээр нэг шагай шиг цацагдсан монголчууд. Эмээ өвөө дээрээ үлдсэн эцэггүй, эхгүй түмэн хүүхэд. Эдүгээ ч энэ цаг үеийн золиос нөхөгдөөгүй, илааршаагүй байна. Бүтэн хайр, бүрэн гэр бүлийг мэдэрч өсөөгүй бүхэл бүтэн нэгэн үеийнхэн өдгөө эцэг эх болчхоод үр хүүхдээ хэрхэн хайрлахаа мэдэхгүй гашилж сууна. Хүний нэгэн үеийг бутаргасан ч энэ төр, нийгэм гэр бүл гэгч хамгийн нандин, хамгийн халуун дулаан байх ёстой жижиг нэгжээ эмхлэн цэгцэлж, эвлэрүүлж, эргэн нийлүүлж чадсангүй ээ... Үүний л тухай уран бүтээлчид өгүүлжээ.

Эргүй эмс, эмгүй эрс, орхигдсон хүүхдүүд

Жүжгийн гол дүр Саруулсайхан шиг угсаа үндэс, соёл заншлаасаа төсөөрч дотоожин дээрээ үндэсний хээ угалзаа хатгасан хэсэг бүлэг хийрхэгчид. Брэнд, бэл бэнчин ярьсан ийм эрчүүд бүсгүйчүүдийг “Замын хүн” шиг л ашиглаж, захын эм шиг л үл тоож харьцана. Ганцхан “Монгол хүүхнүүд мөнгөнд дуртай гээ биз дээ?” гэсэн ганган хариулттай. Харьд одсон эрчүүдийн хачин тансаг амьдрал нь энэ. Түүнд нь зориулаад мөнгөтэй эрчүүд нууц амрагаар гоёдог гэхчилэн дуу, шүлэг зохиогдож байснаа эдүгээ амрагаа албажуулах хоёр эхнэртэй хууль батлах дээрээ тулчхаад байна.

Бид бие биедээ “Замын хүн” шиг хандаж эхэлсэн. Одоо түүндээ бүр итгэчхээд бусдадаа явуулын хүн шиг л хандах болжээ. Яг л ийм хөндүүр цэгт “Замын хүн” жүжиг сумаа хатгалаа. Тэр сум үзсэн бүхнийг эмзэглүүлж, элдвийг бодуулж чадлаа. Инээдэм завсраа эмгэнэлээ хавчуулаад цацлаа. Өгүүлэл дундаа үнэнийг нуугаад хатгалаа. Өнөөдрийн бидний ярихаас, хэлэхээс, шийдэхээс эмээдэг, тойрдог гол сэдэв бол эргүй эмс, эмгүй эрс, эцэггүй, эхгүй хүүхдүүд, эзэнгүй эх орон мөнөөс мөн билээ. Эцэг, эх хүүхэд энэ гурав бол бидний хүсээд зориод байгаа тэр аз жаргал гээчийн тулгын гурван чулуу. Аз жаргалгүй, амар тайван биш, элэг бүтэн бус гэр бүлээ бүтээгээгүй байж бид амар тайван нийгмийг бүтээхээр тэмцэх нь юуны учир билээ...?

Жүжгийн гол дүр Гангануур хэмээх эмэгтэй шиг завхарсан нийгэм, замарсан эр, өнчирсөн үр хүүхдийнхээ хамаг л лай ланчгийг үүрээд өдий хүртэл зүтгэсэн ганц бие эмэгтэйчүүдийнхээ ачааг хэзээ нэг буулгах вэ? Тэдэндээ “өрх толгойлсон” гэх гайхам хачин нэрийг зүүлгэчихээд “Бурхан даахгүй ачааг хүнд үүрүүлдэггүй юм аа” гээд хэнэггүй харж суудаг нь энэ нийгмийн эмгэнэл. 1990 оны Монголыг “Гахайтай” нь ийм л эмэгтэйчүүд үүрч гарсан юм шүү дээ. Одоо тэднийхээ нурууг амрааж эрчүүдийгээ эргүүлэн татах цаг болсныг энэ бүтээл санууллаа.

“Замын хүн” жүжиг хөнгөхөн хэрнээ ихийг бодож эргэцүүлэх боломжийг өгсөн нь бидний худалдан авалтын өгөөж юм. Жинхэнэ хошигнолт хоржоон, эргэн дурсмаар уянга, уйлмаар уйтгар гуниг, хөгжим, бүжиг гээд хүний сэтгэлийг хөдөлгөн хөндүүрлүүлэх бүхий л төрлүүд илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тун хэмжээгээрээ таарсан драм шиг л драм. Дуучин МУГЖ Б.Сарантуяагийн уянгын дуунууд уг жүжгийг хүний зүрх сэтгэлийн гүн рүү улам бүр шигтгэж чадав. Дууны найруулагчаар жүжигчин МУСТА Я.Эрдэнэбал ажилласан байна. Тэр ч ажлаа мэдэрч хийсэн. Бүгд баг болж ажиллаж чаджээ.

Хүүхэнлэг эрчүүд, эршүүд хүүхнүүд

Зохиолч, найруулагчийн нарийн мэдрэмж өнөө цагийн эрэгтэй, эмэгтэй хүний ааш аягийн гүн рүү нэвтэрч чадсанд баярлууштай. Өнөө цагийн эрчүүдийн хүүхэнлэг араншин, аминчхан үзэл, явцуу хүсэл тачаал, монгол эмэгтэйн хэзээний хүлцэнгүй, тэвчээртэй, тууштай занг дотроос нь гаргаж чадсанаараа феминист шинжтэй.

Бүх л зүйлсийн хүйс нь солигдож, байрлал нь урвачихсан цаг үе биднийг нөмрөн авч байна. Нуруутай, туруутай, хэлхгэр, халхгар хөрслөг эрчүүдээ бүсгүйчүүд үгүйлж бас хайж байна. Тэд маань хаачив аа? Бүгдээрээ гадаадад гараад арилчихсан уу? Галуу шувууны мах идээд төрөл арилжчихсан уу?

Жүжгийн агуулга нь бидний мартсаныг сануулж, гээснийг өгүүлнэ. Хорин найман жилийн өмнө бидний шүтэж биширч явсан үнэ цэнтэй бүхэн салхинд үгүй болж, бидний хүсч мөрөөдөж байсан бүхэн хийсэн одсон. Өөрөөр хэлбэл нийгэм задарч, үнэт зүйлүүд үйрмэг төдий болсон. Тэмүүлэл тэнүүчлэн одож хэнд, юунд найдахаа мэдэхээ байсан цагт хүн гэдэг хар амиа л хоохойлдог.

Нийгэм задарч, төр задарч, гэр бүл бутарсан. Тэр үед ийм л юм болсон. Тэр онгорхой орон зай, амьдралын төлөөх тэр их тэнүүчлэлийг дагаад бидэнд бутархай гэр бүл, тархай улс орон л үлдсэн. Гол дүр Саруулсайхан гадаад руу гараад хайртай бүсгүйгээ танихаа байтлаа мартана. Хайртай гэж явсан бүсгүйтэйгээ онгоцонд таараад үүлэн борооны ажил хийгээд өнгөрөхийн тулд хамаг л сайхан үгээ хайр гамгүй зарцуулна. Тэгээд хүссэндээ хүрнэ. Хүссэнээ авангуутаа зангаа хувиргана. Харин Гангануур бүсгүй 20 жил түүнийг эрж хайж, үртэй хүн гэдгийг нь хэлэхээр онгоцны нислэгийг нь тааруулж, тийз худалдан авч өөрийгөө таниулах гэж хамаг л уран ухаанаа гаргана. Цөхөрнө, няцна. Буухын даваан дээр охиноо хэлнэ. Эцэст нь эргэнэ, эвлэрнэ. Хамтдаа газардана. Охиндоо очно. Энэ бол жүжгийн төгсгөл. Тийм дээ, жүжиг юм чинь заавал ямар нэг төгсгөл хэрэгтэй. Ер нь сайхан төгсгөл хэрэгтэй. Харин бодит байдалд өнөөдөр хэчнээн өнчин хүүхэд эцэг эхээ онлайнаар мэндэлдэг харийн хүн гэж, хэчнээн эмэгтэй нөхрөө хүлээн гундаж, хэчнээн эр харийн нутагт гацаж суугаа бол...? Хүн болгон л “Нисдэг”. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө “Нисдэг”. Гэхдээ хэзээ нэгэн цагт заавал газардах болдог. Гэхдээ хаана...? “Чамд буух газар олдохгүй байгаа бол явсан замаа заавал эргэж хараарай”. Энэ үгийг жүжиг бидэнд хэлсэн юм.

Зохиолч Todko Samson-д дайх үг

Анх удаа “Вангийн нулимс” хэмээх номын зохиогчийн энэ нэрийг хараад орчуулгын зохиол байна гэж бодсон сон. Гэтэл Т.Мягмартогтох гэдэг монгол залуу байв. Өөрийгөө яагаад ийнхүү нэрлэснийг эс мэднэ. Гэхдээ тэр олон номын зохиолч ажээ. Өөрийгөө пиардаж гүйхийг нь хараагүй тул ийм зохиолч байдгийг эс мэджээ. Тэр нь ч зөв. Учир нь ямар ч нийгмийн үед зохиолчид илүү боловсон, илүү сэхээлэг байсаар ирсэн. Цаг үе нь ч зохиолчоос жинхэнэ зохиолчийн амьдралаар амьдарч, биеэ зөв авч явахыг шаарддаг. Бичсэн номоосоо “Хямдхан” байх нь зохиолч хүний сонгох зам биш билээ. Зохиолч уншигчаа олох биш, уншигч нь зохиолчоо олдог бол бүх юм сайхан байхсан. Ямартаа ч өөрсдийнхөө дундаас нэгэн зохиолчийг “оллоо”. Эгэл даруухан байсных нь төлөө түүнд талархъя.

Бага тайзны жүжиг бол баргийн хүний сонирхдог ажил биш. Учир нь нарийн ажиллагаатай, ашиг багатай. Бүхний түрүүнд “Хэр шуугиан тарьж, хэр их ашиг орлого олох вэ” гэдэг одоо үед чухал. Эдүгээ цагийн ертөнц бүхэлдээ шоу. Энэ дэлхийг энтертайнмент хэмээх агшин зуурын зугаа цэнгээний хэмнэл бүхэлд нь бүрхчихээд байгаа нь үнэн. Өнөөдөр 10 хүний эмгэнэлт ослыг хүртэл сенсацитай мэдээ болгож чаддаг, тэгж хардаг тийм л ертөнцөд бид амьдарч байна. Хүний оюун тархийг ийм л хөөрүү юманд дасгаж бид түүнд нь дөрлүүлж яваа нь гашуун үнэн. Харин “Замын хүн” жүжгийг эхнээсээ нийгмийн асуудал руу, хүний араншин руу өнгийж бичсэнд нь баярлая. Шоуны хөлөөс ангид байж чадсанд нь зохиолчид бас дахин талархал илэрхийлье.

А.Мөнхжин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 28 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 41 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 53 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 1 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 1 цаг 31 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 14 цаг 56 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 16 цаг 22 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 16 цаг 24 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 17 цаг 11 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 18 цаг 2 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 18 цаг 53 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 21 цаг 34 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 22 цаг 9 мин Намууд ба хамууд 23 цаг 18 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 23 цаг 30 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 23 цаг 35 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 23 цаг 53 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top