"Шинэ Монгол Харүмафүжи" сургууль Япон улсын "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өгчээ.
Мэргэжлийн сүмогийн их аваргын санаачилгаар Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол зориулалтын түргэн тусламжийн машинтай боллоо.
Ингэснээр "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа хүлээлгэн өгч буй нь энэ юм. Мөн нийслэлийн Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг тэргэнцэр бэлэглэжээ.
Япон улсын "Зүрх хамгаалах төсөл" Монголд 2001 оноос хэрэгжиж, 21 аймагт ажиллахдаа 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулан, 560 гаруй хүүхдэд зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийж эрүүл амьдрал бэлэглэсэн билээ.