Азийн Хөгжлийн банк Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр тусгай замын автобусны систем байгуулах 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтыг баталлаа.
Төслийн хүрээнд “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөр (IF-CAP)-өөс мөн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох юм.
“Улаанбаатар хотод анх удаа шинээр нэвтэрч буй тусгай замын автобус систем нь зорчигчдод нийтийн тээврийн үйлчилгээг чанартай хүргэх боломжтойг АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд, “Энэ нь иргэдийг хувийн авто машинаас илүү нийтийн тээвэр хэрэглэхэд түлхэц болно. Ингэснээр түгжрэл, агаарын бохирдлыг багасгах, эдийн засгийг дэмжихэд тусална” хэмээн тодотголоо.
Нийслэлийн хүн амын өсөлтийг даган бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, замын түгжрэл ноцтой хэмжээнд хүрч, эдийн засгийн бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Замын түгжрэлийн улмаас оргил ачааллын үед тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хурд цагт 10 км/ц-аас багасаж, дизель хөдөлгүүр бүхий автобуснаас ялгарах бохирдол нэмэгддэг.
Иймд төслийн хүрээнд тусгай замын автобус системийн зураг төсөл боловсруулж, барих нь хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг бага үйлчилгээ болох юм. Тусгай замын автобус нь замын голд байрлах тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудал, уулзвар дээр автобусанд давуу эрх олгох гэрлэн дохио, дугуйн зам, явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барих ажээ.
Энэ санаачилга нь АХБ-ны 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн тэргүүлэх чиглэлүүд болон хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар багасгах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд гаргасан үндэсний тодорхой хувь нэмрийг ахиулахад дэмжлэг үзүүлнэ.
Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин, олон талт хөгжлийг тэргүүлдэг АХБ нь нарийн төвөгтэй сорилтыг шийдэхийн төлөө гишүүн орон, түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтэц бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог ажээ.



