Өнгөрсөн онд 1.3 сая хүн хүний дархлал хомсдолын вирусний /ХДХВ/ халдвар авсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт анхааруулаад, гадаадын тусламжийг танасан нь эмчилгээ, шинжилгээ, олон нийтийг хамарсан хөтөлбөрүүдийг тасалдуулж, дэлхийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил гэнэт зогсонги байдалд орсныг онцлон дурджээ.
Дархлалын олдмол хомсдолтой /ДОХ/ тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан ДЭМБ-аас мэдээлснээр, дэлхий даяар ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээ “эгзэгтэй цэг”-т хүрч, халдварын шинэ тохиолдлууд дэлхийн хамгийн эмзэг бүлгийн иргэдийн дунд олноор бүртгэгдэж байгааг сэрэмжлүүлсэн байна.
“Олон улсын санхүүжилт буурах, урьдчилан сэргийлэх ажил зогсох зэрэг томоохон бэрхшээлүүдтэй бид тулгарч байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ. Үүний зэрэгцээ томоохон боломжууд ч нээгдэж байгааг тэрбээр дурдаад, шинэ арга хэрэгслүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт байх ёстой хэмээн хэлжээ. НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага мөн гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, хууль эрх зүйн саад бэрхшээлтэй тулгарах зэрэг нь эрсдэлтэй хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээ авахад саад болсоор байгааг анхааруулсан байна.
Дэлхий даяар 2024 оны байдлаар ХДХВ-ний халдвартай 40.8 сая хүн амьдарч байгаа бөгөөд 630 мянган хүн ХДХВ-тэй холбоотой шалтгаанаар нас баржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, тухайн онд олон улсын санхүүжилт гэнэт буурсан нь ноцтой үр дагаврыг авчирсан байна. Тухайлбал, хэд хэдэн оронд урьдчилан сэргийлэх ажил, шинжилгээ, эмчилгээний үйлчилгээний цар хүрээ хумигдаж, зарим тохиолдолд түр зогсооход хүрчээ.
Санхүүжилтийн хямрал тулгарсан хэдий ч 2025 онд ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх шинэ арга болгон баталсан, жилд хоёр удаа тарилга хийдэг өндөр үр дүнтэй Ленакапавир эмийг нэвтрүүлснээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг онцолсон байна. Тус агентлаг 10 дугаар сарын 6-нд уг эмэнд урьдчилсан байдлаар зөвшөөрөл олгосон нь Өмнөд Африк, Зимбабве, Замби улсад хэрэглэх нөхцөлийг бүрдүүлжээ.
“Бид ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд инновацын шинэ эрин үед шилжиж байна” гэж ДЭМБ-ын ХДХВ, сүрьеэ, гепатит, БЗХӨ хариуцсан хэлтсийн дарга, доктор Тереза Касаева хэллээ. Гэхдээ яаралтай арга хэмжээ авч, хөрөнгө оруулалт хийхгүй бол олон сая хүн эдгээр ахиц дэвшлийн үр шимийг хүртэж чадахгүй гэдгийг тэрбээр дурдав.
ДЭМБ-ын зүгээс ХДХВ-ний тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэгтгэх, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өвчтөнүүдийн эрхийг хамгаалахыг засгийн газруудад уриалжээ. Улмаар саад бэрхшээлийг даван туулж, ДОХ-ын хариу арга хэмжээг өөрчлөх нь чухал байгааг мэдэгдээд, үүнд дэлхий дахины эв нэгдэл хийгээд дараагийн сая сая халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлэх инновацыг даруй нэвтрүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ.
Эх сурвалж: Anadolu



