Боловсрол телевизийн “Гал тогоо” шоу нэвтрүүлэг өчигдөр ялагчаа тодрууллаа. Энэ удаагийн шоу нэвтрүүлэгт үзэгчдийг хамгийн их хөгжөөсөн хүн нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гэж болно. Эхний шатанд мань хүн Боловсрол телевизийн уран бүтээл “Мөрдөгч” уран сайхны олон ангит киноны жижигчин Соёлоо, найруулагч Амараа нартай өрсөлдөж, амьдралдаа ганц ч удаа хийж үзээгүй жимсны суши ролл хэмээх хоол хийж ялагч болов. Сануулахад Боловсрол телевиз “Мөрдөгч” уран сайхны киног Х.Тэмүүжинг сайд байхад Хууль зүйн яамны захиалгаар хамтран бүтээж байв.
Хоёр дахь шатанд Х.Тэмүүжин “Камертон” хамтлагийн Мээдээ буюу дуучин Мэнд-Амар, жүжигчин Мөнхүүш буюу Мөнх-Эрдэнэ нартай аяган бялуугаар өрсөлдөж дахин ялав. Жаахан инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй нь хоёрдугаар шатанд оролцохдоо Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хөлөө хугалаад хоёр хонож байгаа тул суга таягтай оролцов. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн жирийн хүнтэй өрсөлдөх ямар хэцүү байдгийг өөрийн биеэр мэдэрлээ” гэж хэлсэн Х.Тэмүүжин ялагчийн шагналаа хэнд өгөх нь дараачийн дугаараар гарах юм байна. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу ялагч ялагчийн шагналд авсан иж бүрэн гал тогоогоо өөр хэн нэгний сайн сайхны төлөө зориулах ёстой.