Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч нь хүний папиллома вирус бөгөөд энэ вирусийн халдвар ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг. Халдвар авсан эхний үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй тул олон эмэгтэйчүүд өвчний хожуу шатанд оношлогдож, эмчилгээний үр дүн багасах эрсдэлтэй байдаг. Иймд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах юм.
Умайн хүзүүний хорт хавдрыг даван туулагч Оюундарь 2019 онд уг өвчтэй гэдгээ оношлуулсан тухайгаа хуваалцсан бөгөөд эрт илрүүлэгт хамрагдсан бол өвчнийг хүндэрэлгүй эмчлүүлэх бүрэн боломжтой байсныг онцолжээ. Түүний хэлснээр хүн бүр эрүүл мэндийн мэдлэгтэй байх нь өөрийгөө болон үр хүүхдүүдээ энэ мэт өвчлөлөөс сэргийлэх хамгийн зөв алхам юм.
2024 оны байдлаар манай улсад 521 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсоны 60 гаруй хувь нь өвчний эхэн үедээ оношлуулсан ч 40 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Умайн хүзүүний хорт хавдраар нэг ч эмэгтэй амь насаа алдах ёсгүй” хэмээн уриалж байгаа нь энэ өвчнийг бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг илэрхийлж буй юм.
Эрт илрүүлэгт хамрагдах нь өвчнийг бүрэн эмчлүүлэх гол боломж бөгөөд 30 наснаас эхлэн гурван жил тутамд умайн хүзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Умайн хүзүүд мэдрэмжийн мэдрэхүй байхгүй тул өвдөлт мэдэгдэхгүйгээр өвчин даамжрах аюултай байдаг. Тиймээс өвдөхийг хүлээлгүй урьдчилсан үзлэгт хамрагдах нь хамгийн зөв сонголт юм.
Мөн хүний папиллома вирусийн халдварын өндөр эрсдэл бүхий 14 хэв шинжийг илрүүлэх шинжилгээний аргачлалыг эрт илрүүлгийн хөтөлбөрт нэвтрүүлэхээр холбогдох бодлого, баримт бичгүүд батлагдсан бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт уг үзлэгийг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна.
Манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүний папиллома вирусийн эсрэг вакциныг товлолын дархлаажуулалтад албан ёсоор нэмж оруулсан. Энэхүү вакциныг дэлхийн 145 улс хөтөлбөртөө нэвтрүүлээд байгаа бөгөөд манай улс 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж, энэ төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам, ДЭМБ